Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц өчигдөр /2023.11.01/ албан ёсоор албан тушаалаа хүлээлгэн өглөө.
Түүний оронд МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан Д.Жавзандорж томилогдсон. Тэр гэлэн сахилтай тул эхнэр, хүүхэдтэй болж болохгүй ба гэлэн сахил нь явдал мөр, ёс суртахууныг сахидаг, бие сэтгэлээрээ ариун хүнийг хэлдэг аж. Буддын гүн ухааны хамгийн дээд цол болох лхаарамба цолтой дөрвөн хүн одоогоор Монгол улсад байдаг ба олноо Монгол багш хэмээн өргөмжлөгдсөн Д.Жавзандорж нь лхаарамба цолтон юм. Тэрээр 1980 онд төрсөн мич жилтэй бөгөөд нас, эрдэм номын цол, сахил санваар зэрэг үзүүлэлтүүдээрээ Тэргүүн их хамба болох босгод тэнцэж буй.
Тэрээр, хүүхэд байхаасаа Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан суусан. Зүүн хүрээ, Энэтхэгт ном судар үзээд Энэтхэгийн Гоман дацанд 21 жил суралцсан ба лхаарамбын зургаан жилийн өндөр шалгалтад тэнцэн, дөрвөн жил дараалан түрүүлж, хоёр жил хоёрдугаар байранд орж байсан түүхтэй.