ОХУ 24 цагийн дотор Украины 118 тосноныг бөмбөгдсөн нь энэ онд бүртгэгдсэн хамгийн их тоо байлаа гэдгийг Украины дотоод хэргийн сайд мэдэгдлээ.
Энэ удаагийн халдлагад Украины 27 мужийн 10 нь өртөж, олон хүн амь үрэгдэж, шархадсан байна. Хохирогчдын дийлэнх нь фронтын шугамын ойролцоох хот тосгодод оршин суудаг байжээ. ОХУ-ын арми сүүлийн долоо хоногуудад Украины зүүн хэсгийн стратегийн ач холбогдол бүхий Авдиевка тосгонд голлон төвлөрч байсан. Авдиевка тосгоны хүн амын тоо он гарснаас хойш эрс цөөрч, тус тосгон устаж үгүй болж байгааг Украины эрх баригчид хэлсээр байна.
ОХУ-ын ээлжит дайралтын гуравдугаар давлагаа эхэлж байгаа гэдгийг Авдиевка тосгоны захирагч мөн анхааруулжээ. Учир нь тус бүс нутагт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд ОХУ цэрэг, нөөцөө төвлөрүүлсэн байна. Энэ удаагийн дайралтаар ОХУ Украины зүүн хойд Харьков мужийн Купянск хот, фронтын шугамаас зайдуу, өмнөд хэсгийн Никополь хот, мөн Кременчук хотын ашиглагдаагүй газрын тос боловсруулах үйлдвэрийг онилжээ. Үүгээр зогсохгүй, Полтавагийн төв хэсэгт орших газрын тос боловсруулах үйлдвэрийг ОХУ хэд хэдэн удаа мөн онилсон байна. Украины сөрөг довтолгоо нь өмнөд болон зүүн хэсэгт эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахад бага ч болов ахиц дэвшил гаргаж чадаагүй байгаа. Барууны орнууд үүнд санаа зовниж, хүйтний эрч чангарч байгааг анхааруулсаар буй. Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский сөрөг довтолгоо нь удаашралтай байгааг хүлээн зөвшөөрч, холбоотнууддаа илүү дэвшилтэт зэвсгийг яаралтай нийлүүлэхийг, мөн эв нэгдэлтэй байхыг удаа дараа уриалсаар байна.
Харин Лхагва гарагт Украины цэргийн ерөнхий командлагч Залужный дайн дараагийн шат руугаа шилжиж байгааг анхааруулсан. Тодруулбал, ОХУ их хэмжээний хохирол амссан ч "зэвсэг, техник, пуужин, сумны хувьд давуу байсаар байна" гэжээ. Тиймээс тэрбээр Украины холбоотнуудад хандаж, байлдааны онгоц, нисгэгчгүй онгоц, мина задлах технологи зэрэг зэвсэг нийлүүлэхийг уриаллаа.