Ойрх Дорнодын мөргөлдөөнд бүс нутгийн бусад улс орнууд татагдаж болзошгүй байна. Тодруулбал, Йемений хутичууд Израилд дайн зарлаж, Израиль руу нисгэгчгүй онгоц, пуужин харваснаа мэдэгдлээ.
Хутигийн армийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэд Палестинд ялалт авчрахын тулд цаашид ч ийм төрлийн цохилт өгнө гэв. Тэгвэл Израилын талаас Йемений агаарын цохилтуудыг амжилттай устгаж байгаа гэж мэдэгдлээ. Мөн дайралтуудыг Израилын газар нутаг руу орохоос өмнө таслан зогсоосон гэсэн юм. Исламын шашинтай орнуудаар хүрээлэгдсэн Израил улсын хувьд Йемен улс мөргөлдөөнд оролцож эхэлсэн нь нөхцөл байдлыг хурцатгаж, зэвсэгт мөргөлдөөн цааш урт хугацаагаар үргэлжилж болзошгүй гэх таамаглал үүсэхэд хүргээд байна.
Байлдааны тухайд, Израилийн батлан хамгаалах хүчний Газын зурвас дахь дайралт эрчимжиж, Жабалиа хуаранд томоохон цохилт өглөө. Үүний улмаас Хамас бүлэглэлийн нэг командлагч амь үрэгдсэн талаар Израилийн талаас мэдэгдсэн юм. Мөн энэ удаагийн цохилт Хамас бүлэглэлийн газар доорх дэд бүтцийг онилсон талаар Израилийн тал хэллээ. Энэ талаар Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч илүү тодорхой мэдээлэл өглөө. Түүний хэлснээр энэ удаагийн цохилтоос болж Хамас бүлэглэлийн хэд хэдэн гишүүд амь үрэгдсэн ба нэгээс доошгүй тэсрэх бөмбөг ашигласан гэсэн юм. Одоогоор энэ халдлагаас болж хэдэн хүн амь үрэгдсэн нь тодорхойгүй байна. Газын зурвас дахь эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 50 хүн амь үрэгдсэн гэсэн бол тус бүс нутаг дахь өөр нэг эмнэлэг 120 амь хохирсон цогцос хүлээж авсан гэсэн юм. Нас барагсдын тоо тодорхойгүй байгаа ч Жабалиа хуаранг онилсон энэ дайралт нь Израилийн талаас үйлдсэн хамгийн хохирол ихтэй халдлагуудын нэг байлаа.