Монгол улсад олон жилийн өмнө анхны шав сууриа тавиад одоо болтол ашиглалтад бүрэн ороогүй барилга байгууламжууд олон бий. Тухайлбал Спортын салбарт зориулагдан баригдаж буй хэдий ч одоо болтол үүдээ нээгээгүй "Урт настай, удаан жаргалтай" барилга байгууламж байсаар байна. Эдгээрээс 10 гаруй жилийн хугацаанд барилгын ажил нь үргэлжилж буй Дархан-Уул аймаг болон Налайх дүүргийн спорт цогцолборыг энд онцлоё.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР: Анх 2011 долдугаар сарын 6-ны өдөр барилгын шавыг тавьж буйгаа сүр дуулиантай зарлаж байлаа. Гэтэл 10 гаруй жилийн хугацаанд баригдаж буй уг спорт цогцолбор одоо болтол бүрэн ашиглалтад ороогүй л байна. Тус спорт цогцолборын барилгыг “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан Эрүүл мэндийн яамны зарласан 11.6 тэрбум төгрөгийн тендерт ялж авч байсан.
“Нэмбар” компани 2013 онд “11.6 тэрбум төгрөг Спорт цогцолборыг босгоход хүрэлцэхгүй байна. “Төсөвт өртөгийг 21.4 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол бид барихгүй” гээд гүрийсээр байгаад төсвөө нэмүүлж авсныг албаныхан хэлж байна. Гэвч тэд 2017 онд зардлыг дахин нэмж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгвөл 2019 онд спорт цогцолборыг ашиглалтад өгнө гэж амласан боловч ахиад л ашиглалтад өгч чадаагүй. Харин одоо нийт зардал болох 27,1 тэрбум төгрөгийг тус байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулаад байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч компаниас үүн дээр нэмээд дахин 9,8 тэрбум төгрөгийг нэмүүлэхээр ирэх оны төсөвт суулгуулахаар саналаа оруулж нийтдээ 36,4 тэрбумаар эцсийн мөчид Дархан-Уул аймгийн спорт цогцолборыг бүрэн ашиглалтад оруулнаа гэж амлалт өгчээ. Гэсэн хэдий ч тодорхой заасан хугацаагүй уг спорт цогцолбор үүдээ хэзээ нээх эсэх нь бүрхэг байна.
Спорт цогцолбор нь 2200 хүний суудалтай А болон Б блокоос бүрдсэн том заалтай, усан бассейнтэй, тамирчдын амрах байр бүхий томоохон байгууламж юм. Ашиглалтад орохыг 13 жил хүлээж, хүлээгдэж буй Спорт цогцолбор үүдээ нээчихвэл дотоодын болон Олон улсын томоохон тэмцээн уралдааныг хүлээн авах боломж бүрдэнэ. Үүнээс гадна Дарханчуудад нийтийн биеийн тамир хөгжих гол үндэс суурь болсон томоохон бааз бодит ашиг тусаа өгөх нь гарцаагүй юм.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР: 9,6 тэрбумын өртөгтэйгээр гэрээ байгуулж 2013 онд барилгын ажлыг эхлүүлсэн ч одоо болтол ашиглалтад бүрэн ороогүй. Уг цогцолборын нийт төсөвт өртөгт 15,3 тэрбум төгрөгийг улсаас гаргаад байна. Гэсэн ч дахин төсөвт өртөгт мөнгө нэмж авахаар саналаа тавьжээ.
Тус Спорт цогцолборын барилгыг "Бүрд констракшн" ХХК гүйцэтгэж байгаа аж. Нийт 700 хүний суудалтай, заалны спортын төрлүүд, бөхийн болон боксын бэлтгэлийн заал, тамирчдын байрлах байр зэрэг өрөө тасалгаа, гадна талбайд спортын төрлүүдээр хичээллэх боломжийг ханган төлөвлөжээ. Налайх дүүргийн спорт цогцолбор хойд эцэг, эхийн царайг харнаа гэдэг шиг олон байгууллагын нүүрийг үзсэн ёстой нөгөө 4 жилийн сонгуулийн циклийн эргүүлгэнд орчихсон "золиос" болчихсон байгууламж юм. Тодруулбал 4 дэх төрийнхөө нүүрийг үзэх гэж буй уг барилга нэг бол соёл спорт, аялал жуулчлалын мөн эрүүл мэндийн яам нөгөө бол Биеийн тамир, спортын хороо руу чулуу шиг ийш тийш шидэгдсээр ашиглалтад орж чадалгүй өдийг хүрчээ. Тэгвэл 2023 оны 10-р сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахыг үүрэгдээд байсан уг спорт цогцолбор ашиглалтад орох хугацаа нь дахин нэг сараар хойшилжээ.
Угтаа бол "Эрүүл хүн, эрүүл нийгэм"-ийг бүтээхийн тулд нийтийн биеийн тамир, тэр дундаа ард иргэдийнхээ идэвхитэй хөдөлгөөн, спортоор хичээллэх суурь нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх нь чухал. Хэдий болтол "Нийтийн биеийн тамир"-ыг хатавчинд үлдээж шоовдорлож суух вэ? Спортын битүү дээвэртэй барилга байгууламжууд олноор барих нь эрс тэс уур амьсгалтай манай оронд мэргэжлийн тамирчид тогтмол бэлтгэлээ хангана. Нөгөө талаараа ард иргэд хорт зуршлаас ангид чөлөөт цагаа спортоор хичээллэн зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бий болно гэсэн үг ээ.