Лхаарамба Д.Жавзандорж лам МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов.
МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцжээ. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэв.
2. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов.
3. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтов.
Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд нийт 55 гишүүдийн 89 хувийн ирцтэй хуралдсан болно.