Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулдаг Баллон д’Ор буюу алтан бөмбөг ёслолын арга хэмжээ өнгөрсөн сард /2023.10.30/ боллоо. Энэ жилийн гол өрсөлдөөн дэлхийн аварга болсон Лионель Месси болон Эрлин Холанд нарын хооронд өрнөлөө. Ийнхүү алтан бөмбөгийн эзнээр Лионель Месси найм дахь удаагаа тодорчээ. Өдгөө 36 настай Аргентин тоглогчийн хувьд замналынхаа сүүлийн жилүүдийг Европт бус Америкт өнгөрүүлэхийг илүүд үзэж, Дэвид Бекхэмийн хувь эзэмшдэг Интер Майамиг зорьсон билээ. Харин Мессигийн ард бичигдсэн Холандын хувьд тун гайхалтай улирлыг өнгөрүүлсэн. Норвеги залуу өнгөрсөн улирал Манчестер Ситигийн хамтаар гурван том тэмцээнд түрүүлж, нийт 52 гоол оруулсан. Гэхдээ тэрбээр Герд Мюллерийн нэрэмжит оны шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ.
Месси найм дахь алтан бөмбөгөө гардсаныхаа дараа "Би ийм замналыг туулна, эдгээр амжилтыг гаргана гэж төсөөлж байсангүй. Надад түүхэн дэх, дэлхийн хамгийн шилдэг багт тоглох аз завшаан тохиосон. Хувь тоглогчийн ийм шагналуудыг хүртсэн нь сайхан байна. Эхлээд Копа Америкт, дараа нь дэлхийн аваргад түрүүлнэ гэдэг гайхалтай. Алтан бөмбөг бүхэн минь өөр, өөр шалтгаантай учир онцгой. Эцэст нь би Марадонаг дурсмаар байна.
Өнөөдөр түүний төрсөн өдөр. Тиймээс би түүнийг энд шилдэг тамирчид, дасгалжуулагчид, түүн шиг хөлбөмбөгт хайртай хүмүүсээр хүрээлсэн газар дурсмаар байна. Диего, та хаана ч байсан төрсөн өдрийн мэнд хүргэе. Үүнийг танд зориулж байна" гэжээ.
Түүний хувьд анх 2009 онд энэ шагналыг хүртэж байсан бол түүнээс хойш 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 онуудад хүртэж байсан түүхтэй. Түүний араас Криштиану Роналду 5 удаа хүртсэн амжилттай жагсдаг.
36 настай тэрээр "Катар-2022" оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентиний шигшээ багаа ахалж түрүүлсэн бөгөөд дэлхийн оны шилдэг хөл бөмбөгчинд өгдөг шагналыг найм дахь удаа хүртсэн цор ганц тоглогч боллоо.
Бусад шагналын хувьд:
Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин–Аитана Бонмати /Испани, Барселона/
Герд Мюллерын нэрэмжит шилдэг довтлогч–Эрлин Холанд /Норвеги, Манчестер Сити/
Копа шагналын эзэн–Жюд Беллинхем /Англи, Реал Мадрид/
Яшины нэрэмжит шилдэг хаалгачийн шагналын эзэн–Эми Мартинез /Аргентин, Астон Вилла/
Сократесын шагналын эзэн–Винисиус Жуниор /Бразил, Реал Мадрид/
Эрэгтэйчүүдийн шилдэг баг–Манчестер Сити тус тус тодорчээ.