Жюү жицү нь 1532 оноос эхлэлтэй бөгөөд Япон улсаас гаралтай Хисамори Тененочи арлын оронд анхны жюү жицүгийн сургуулийг албан ёсоор байгуулахад энэ төрөл нь бий болжээ. Жюү жицү нь Японы самурай нарын тулааны урлаг. Самурай нар ихэвчлэн морьтой явдаг байсан бөгөөд тэд хуяг дуулга өмсч, зэвсэг хэрэглэдэг байв. Жюү жицү урлаг нь самурай нарыг зэвсэггүй явган явах үед үр дүнтэй тулалдах арга боломж олгохын тулд үндэслэгдсэн байдаг. Жюү жицү гэдэг нь Японы Ju буюу уян дөлгөөн, Jitsu буюу урлаг гэсэн үгнээс үүсэлтэй "Уян хатны урлаг" юм. Жюү жицүгээс Жүдо бөхийн спорт үүссэн түүхтэй. Японы алдарт жүдоч Мицү Маэда 1914 онд Бразилд дэлхий нийтэд танил болоогүй уг спортыг түгээн дэлгэрүүлснээр Бразилын Жюү жицү (BJJ) хэмээн алдаршсан. Бразилын Жюү жицү бол өрсөлдөгчөө ялахын тулд боох, өчих, хөших, дарах техникүүдийг цаг хугацааны зарчимд тулгуурлан, хүний биеийн анатомын мэдлэгийг ашиглан, хэвтээ байрлалд суурилсан тулааны урлаг юм. Жюү жицү-г дасгал сургуулилтаас илүүтэйгээр "бие болон оюун ухааныг дасгалжуулдаг хүний биеийн шатар" хэмээн нэрлэдэг. Учир нь жюү жицүгийн биед үзүүлэх ашиг тус нь асар их бөгөөд мэх, арга техник нь маш сайн уламжлагдсан. Жюү жицү нь даралтад суурилсан түлхэх, татах, атгах зэрэг динамик болон тэсрэх хөдөлгөөнийг хослуулсан хүч чадал, зүрхний хөдөлгөөнийг хөгжүүлдэг ач тустай. Мөн жингийн илүүдлээс салах, булчингийн ачааллыг сайжруулдаг. Түүнчлэн хүн биеэ зөв удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг сэтгэлзүйн маш сайн дасгал болдог учраас тархины фитнес ч гэж нэрлэдэг.
Олон төрлийн спорт дотроос Жюү жицү бүх насны хүмүүс хичээллэх боломжтой, өөрөөсөө том биетэй хүчтэй өрсөлдөгчөөс өөрийгөө хамгаалах, чадвартай байхаар зохион бүтээгдсэн спорт юм. Жюү жицүгийн спорт нь дэлхий даяар сүүлийн 30 гаруй жил хурдацтай хөгжиж байгаа бөгөөд өдгөө хөгжингүй орнуудад түгээмэл спортын төрлүүдийн нэгд тооцогддог. Мөн Олон улсын Жюү жицү холбоо (JJIF) нь тус спортыг Олимпын төрөлд оролцуулах бодлого баримталж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зорилтын хүрээнд Жюү жицү нь "Азийн спортын их наадам", "Азийн элсний наадам", "Дэлхийн тоглолт", "Дэлхийн элсний наадам" зэрэг томоонхон спорт наадам, тоглолтуудад багтан орсон. Ингэснээр дэлхийд Жюү жицүгээр хичээллэгсдийн тоо эрс өсөн нэмэгдэж байна. Энэ төрөл нь Монгол улсад хөгжөөд удаагүй ч аль хэдийнээ тив, дэлхий, азийн хэмжээний тамирчдыг бэлтгэн төрүүлсээр байна. Мөн жюү жицүгийн сургалт, үйл ажиллагаа явуулдаг олон клуб, академи дугуйлангууд бий. Тэд үйл ажиллагаагаа улам бүр өргөн хүрээнд тэлж Спортод хүүхэд залуусыг уриалан дуудсаар байна.