Өрөг.мн сайт "Эх орондоо үлдэнэ" цувралын энэ удаагийн дугаарт "Green School Mongolia" сургуулийн физикийн багш Б.Түвдэндоржийг урилаа. Тэрээр Улсын физикийн олимпиадын есөн удаагийн аварга, олон улсын физикийн олимпиадын алт, мөнгөн медальт, шилдэг багш нарын нэг юм. Боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж буй Б.Түвдэндорж багш өнгөрсөн хавар Монгол улсад зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадын оролцогчдын дасгалжуулагч багшаар ажилласан юм. Ингээд түүний яриаг хүргэе.
“БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ХҮМҮҮЖИЛ ЮМ”
Шавь нарынхаа урмын үгээр 20 жил багшилж байна. Хүн ер нь дуртай юмаа л сайн хийдэг шүү дээ. Хүүхэд ч ялгаагүй. Тийм учраас яавал хүүхэд физикийн хичээлд дуртай болох вэ гэдгийг бодож заахыг эрмэлздэг. Мэдлэг, боловсрол гэдэг хоёр өөр ойлголт байдаг юм болов уу гэж ойлгодог. Аливаа хичээлийн талаар ойлголт олж авснаар хүн мэдлэгтэй болно. Харин боловсрол гэдэг нь хүмүүжлийг л хэлж байгаа юм. Суурь хүмүүжил гэдэг хамгийн чухал.
Өнөөдөр багш бэлтгэх тогтолцоо Монголд тулгамдсан асуудал боллоо. Багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, сургуулийн орчин хүүхэд сурахад ээлтэй, таатай байх ёстой. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, мэргэжлийн хичээлүүдийн лабораториуд гэх мэт. Өнгөрсөн хавар манай улс Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулсан. Монголоос оролцсон 16 сурагчийг би дасгалжуулж, их, дээд сургуулиудын багш нарын багтай хамтарч ажилласан. Эндээс анзаарахад, манай сурагчид онолын мэдлэгээрээ хэнээс дутдаггүй. Гэвч туршилтын бодлогууд дээрээ тааруухан үнэлгээ авчихдаг. Ер нь, Ази тивийн сурагчид, Монгол хүүхдүүд олон улсад толгой цохьдог. Оюуны чадавх өндөртэй. Бид эх орондоо Азийн физикийн олимпиад зохион байгуулснаар эх орныхоо түүх соёлоо сурталчилж чадсан. Нөгөө талдаа сургуулиуд олимпиадын дараа физикийн хичээлийн туршилт хийх багажтай болсон гээд ач холбогдолтой зүйлс олон байна. Бид байгалийн ухааны хичээлүүдийн туршилтын багаж, бааз сууриа улам л сайжруулж байх ёстой.
ИНЖЕНЕРҮҮД УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ
Инженерүүд улс орныг хөгжүүлнэ гэдгийг бодлогын түвшинд ойлгоосой гэж хүсдэг. Сайн инженер хүн хөгжлийн шийдэл гаргана. Сайн инженер бэлтгэхийн тулд физикчдийн халаагаа бид бий болгоход анхаарах шаардлагатай. Миний сонссоноор нэг жил МУИС-ийн физикийн ангид элсэх хүүхэд олдохгүй боллоо гэж байсан. Миний шавь нар дунд ч физикийн багш болгочих юм сан гэж бодмоор маш сайн хүүхдүүд зөндөө л байдаг. Даанч багшийн цалин хөлс бага зэргээс шалтгаалаад тэр бүр сонгодоггүй. Төрөөс бодлогоор энэ асуудалд анхаармаар санагддаг. Жишээлбэл, олон улсын олимпиадад шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нарыг дэмжих, урамшуулах нь бага байна шүү дээ. Хэрэв үүнийг сайжруулчихвал багш болгон л илүү их зүтгэж “Нэг шавиа ингээд бэлтгэчихье, тэгээд оролцчихъё гээд мэрийдэг болно. Би олон ч удаа олон улсын чанартай олимпиадад шавь нараа бэлтгэж оролцож байлаа. Тэглээ гээд “Надад шагнал өг” гэж хэлэх нь утгагүй л дээ. Гэхдээ нийтээрээ, салбарын үнэлэмж гэдгээр нь яривал энэ бол зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал мөнөөсөө мөн.
Хүн бүрийг эх орондоо ажилла, амьдар гэж шаардах нь мэдээж утгагүй асуудал. Гэхдээ эх орондоо ажилласнаараа хүн үнэ цэнийг бүтээж байна. Мэдээж, сэтгэл ханамжтай ажиллахын тулд эдийн засгийн хувьд санаа зовдоггүй байх зэрэг наад захын асуудлуудыг шийдэх чухал. Физикийн хичээлээр олон улсын уралдаан тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ихэнх нь тэтгэлгээр гадаад улсад суралцдаг. Тэр хүүхдүүд эх орондоо ирж ажилладаг болохын тулд Монгол улс чадварлаг багш нараа татаж чаддаг, тийм хүчтэй бодлоготой баймаар байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.