Дагестаны нисэх онгоцны буудалд Израилийн эсрэг бослого гарсныг Украин болон барууныхан зохион байгуулсан гэх Оросын мэдэгдлийг АНУ няцаалаа.Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизэд хандаж хэлсэн үгэндээ энэ үйл явдал Орост эмх замбараагүй байдал дэгдээх барууны оролдлогын нэг хэсэг гэж мэдэгджээ. Үйл явдлын тухайд, Израилийн нийслэл Тел-Авиваас нисэх онгоц ирэхийн өмнө Махачкала хотын нисэх онгоцны буудал руу хэдэн зуун хүн дайран орсон. Олон хүн Палестины далбааг намируулж, антисемитизмийн уриа лоозон барьсан байв. Аюулгүй байдлын хүчнийхэн нэн даруй байдлыг хяналтдаа авч, 60 гаруй хүнийг баривчилсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн. ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Дагестан улсын хүн амын дийлэнх нь муслим шашинтай бөгөөд Газын зурваст болж буй мөргөлдөөнөөс болж энэ хэрэг гарсан гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Харин энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч “Ийм аюултай, эмх замбараагүй байдлыг хэн зохион байгуулсан нь, хэнд ашигтай вэ гэдэг нь тодорхой. Дэлхийн тогтворгүй байдлаас гол ашиг хүртэгчид нь АНУ-ын одоогийн эрх баригч элитүүд болон тэдний дагуулууд юм" гэжээ. Ойрх дорнодын мөргөлдөөнөөс болж Украинд үзүүлэх АНУ тэргүүтэй бусад улсуудын тусламж буурах магадлалтай байгаа юм.