Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгож хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "INVEST KHENTII 2023” Хөрөнгө оруулалтын чуулганыг ирэх сарын 3-ны өдөр их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт зохион байгуулагдана.
"INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган нь:
– Хэнтий аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын боломжууд,
– Аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжууд,
– Барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд,
– Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломжууд гэсэн 4 салбар хуралдааныг зохион байгуулж нийгэм эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн энэхүү хөрөнгө оруулалтын чуулганы онцлог нь УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч нар болон БНХАУ-аас ӨМӨЗО-ын Хөлөн буйр, Шилийн гол, Хянган аймгуудын Засаг дарга нар, бизнес эрхлэгч, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар мужийн амбан захирагч, бизнес эрхлэгчид, БНСУ, Япон улсын Элчин сайдын яамны төлөөллүүд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн засаг дарга, бизнес эрхлэгчид, аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид, 18 сумдын төлөөллүүд оролцож бүс нутгийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх коридор, бүсчилсэн хөгжлийн санал, шийдэл, боломжуудыг хэлэлцэх учраас хөрөнгө оруулагч нарт ихээхэн өгөөжтэй чуулган болно.
"INVEST KHENTII 2023” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.