Монгол Улсын хамгийн том арилжааны банк болох ХААН Банк нь ХБНГУ-ын тэргүүлэгч банкуудын нэг ODDO BHF SE банктай олон жилийн хамтын ажиллагаагаа ам.долларын ностро данс нээн өргөжүүллээ.
Корреспондент банкны өргөн сүлжээтэй байх нь арилжааны банкны хувьд иргэд, байгууллагын харилцагчдын гадаад төлбөр тооцоог саадгүй, аюулгүй, хурдан шуурхай дамжуулах хамгийн чухал дэд бүтэц нь байдаг. ХААН Банк корреспондент банкны сүлжээгээ ийнхүү ODDO BHF SE банкаар тэлсэн нь өөрийн нийт харилцагчдын олон улсын худалдаанд оролцох боломжийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
ХААН Банк нь харилцагчдын болон банкны өөрийн 350 орчим гүйлгээг өдөр тутам хүлээн авч, мөн тооны гүйлгээг илгээн, харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэж байна.
Ам.доллар нь дэлхийн нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдгээс гадна олон улсын худалдаанд хамгийн ихээр хэрэглэгддэг, гадаад төлбөр тооцооны хамгийн чухал валют тул ODDO BHF SE банктай шинээр нээсэн ам.долларын данс нь ХААН Банканд олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэх, Монголын санхүүгийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх, үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлэхэд томоохон түлхэц болж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк