Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 13-ныг хүртэл хойшлууллаа.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Нийтийн албан тушаалтан хахууль авах, Худал мэдүүлэх, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Хахууль өгөх, Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 10 цагт товлон зарласан боловч өмгөөлөгч Г.Наранбаатар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлжээ.
Иймд шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.30 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.