1959 оны эхээр БНМАУ-ын хөлбөмбөгийн холбоо байгуулах бэлтгэл ажлыг Н.Лувсандорж удирдаж, Ч.Нэргүй, Г.Банзрагч, Л.Сандагдорж, Ц.Чомбуу нар тусалж байжээ. Тэд ЗХУ-ын хөлбөмбөгийн холбоо, "Динамо", "Спартак" клүбийн дүрмээс санаа авч анхны дүрмээ боловсруулжээ. Ингэснээр 1959 оны аравдугаар сарын 30-ны өдөр Спортын төв ордны 108 тоот өрөөнд Улаанбаатар хотын спортын сайн дурын нийгэмлэгүүдийн удирдах ажилтан, хөлбөмбөгчдийн төлөөлөл 120 орчим хүн оролцсон хурал болж, БНМАУ-ын хөлбөмбөгийн холбоо буюу одоогийн Монголын Хөлбөмбөгийн Холбоог байгуулж, анхны даргаар Н.Лувсандоржийг, нарийн бичгийн даргаар Г.Банзрагчийг сонгосон түүхтэй.
Хөлбөмбөгийн Холбоо БНМАУ-ын спортын 13 дахь холбоо байгуулагдав. Үүнээс өмнө 1951 онд Бокс, 1955 онд уулын спорт, 1957 онд мотоцикл, волейбол, шатар, ширээний теннис, 1958 онд буудлага, цана, радио спорт, 1959 онд дугуй, сур, хүнд атлетикийн холбоо байгуулж байсан түүхтэй. Монголын Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хүчин зүтгэж байсан зүтгэсээр байгаа үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчиддаа Монголын Хөлбөмбөгийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 64 жилийн ойн өдрийн мэнд хүргэе.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо