Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон ч өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэж байсан юм.
Шүүх хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Есөн сараас хойш миний биеэр тууралт үүсэж, хөл, гар дээр минь ч идээт үрэвсэл гарсан. Биеийн байдал тун сайнгүй байна. Энэ зовуурь маань ясандаа хүрч болзошгүй тул хорих 461-р ангид хүсэлт гаргасан юм. Мөн буйл болон гар хөхөрч эхлээд байна. Тиймээс цусны шинжилгээ авсан. Гэвч шинжилгээний хариуг надад харуулаагүй. Одоо эмчилгээнд орох шаардлагатай байна. Би зугтаж, оргохгүй.
Мөн би шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаар орж байгаа. Учир нь 194 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй зөвхөн гэрчийн мэдүүлгүүд л байна" гэв.