УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд зохистой хэм хэмжээг давсан олон зөрчил байгааг эдийн засагчид шүүмжилж байна. Бид энэ талаар эдийн засагч С.Баттулгаас тодрууллаа.
Тэрээр “Бид 2024 оны төсвийн төсөл нь улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөтэй хэрхэн нийцэж байгааг шалгаж үзлээ. Хөгжлийн төлөвлөгөөнд зааснаар бол ирэх онд 100 гаруй төсөл, арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлнэ гэж заасан байна. Үүнээс 60 гаруй нь хөрөнгө оруулалтын шинжтэй. Үүний 57 хувь нь улсын төсвийн төсөлд багтжээ гэж дүгнэхээр байна. Эндээс харвал хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан хоёр ажил тутмын нэг нь төсөвт тусгагдаагүй байна.
Нөгөө талдаа улсын төсөвт тусгасан ажлууд нь Монгол улсын хөгжлийн төлөвлөгөөнд байсан юм уу, үгүй юу гээд шалгаад үзэхээр нийцэл нь 30 гаруйхан хувьтай бууж ирж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд заагаагүй ажлуудаа шууд олноор нь оруулаад ирчихсэн гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөвлөгөөнд улсын хэмжээнд хаана, хаана ямар эмнэлэг барих вэ гэдгийг нарийн заагаад өгчихсөн байдаг. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлэг барина гэх мэтээр. Гэтэл төсөв дээрээ хөгжлийн төлөвлөгөөнд багтаагүй ажлуудыг оруулаад ирчихдэг. Жишээлбэл, маш олон тооны өрхийн эмнэлгийн барилгыг барина гэх мэтээр төлөвлөсөн байна” гэлээ.
Мөн ШУТИС-ийн багш судлаач Д.Баярмаа “Төсвийн төсөлд заасан ажлуудын төсвийг нь маш хэмжээгээр тавьж өгсөн асуудал нийтлэг байна. Ингэснээр тухайн ажил нь төлөвлөсөн хугацаандаа багтаж хэрэгжихгүй, ашиглалтад орохгүй сунжрах эрсдэлтэй. Энэ хэрээр ирэх жилийн төсвүүдэд ачаалал үүсгэнэ. Төсөвт өртөгт өөрчлөлт орох зэрэг эрсдэлийг дагуулах магадлалтай. Мөн ижил хүчин чадалтай боловч маш зөрүүтэй төсөвтэй төсөл, арга хэмжээнүүд ч их байна. Үүнээс гадна, энэ жилийн төсөвт зайлшгүй тусгах шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлууд ч их байгаа юм. Гол асуудал нь, 2024 оны төсөвт үнийн өсөлт, ажилгүйдэл, амьжиргаа гэсэн асуудлуудад анхаарч чадаагүй байна. Эдгээрт шууд чиглэсэн төсөл арга хэмжээ ховор, учир дутагдалтай гэж дүгнэж болохоор байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.