“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа цаг уурын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гарсан, "урьдчилан мэдээлэхийн Цогтоо" нэрээрээ алдартай Ж.Цогтыг урьж, ярилцлаа. Залуу халуун насаа цаг уурын мэдээгээр амьсгалж өнгөрүүлсэн тэрээр инженерээс захирал хүртэл дэвшиж, одоо ч залуу цаг уурчдыг бэлтгэх их үйлсэд хувь нэмрээ оруулсаар яваа нэгэн юм. "Надад цаг агаараас өөр ярих сэдэв олддоогүй юм. Манай салбар ч ярихад уйдамгүй, олон сайхан агуулгатай даа" гэж ярих нь түүнийг ажил, мэргэжилдээ ямар их хайртайг илтгэж байлаа.
-Сайн байна уу. Та өөрийгөө товчхон танилцуулаач?
-Намайг Хонгош овогт Жамбыг Цогт гэдэг. 1954 оны Морь жил айлын том хүү болон Увс аймгийн Завхан суманд төрсөн. Бусад хүүхдүүдийн адилаар ээж, аавынхаа гар дээр өсөж хүмүүжсэн. Бага, дунд сургуулиа Увс аймагтаа төгссөн.
Би 1970 оны намар Улаанбаатар хотод есдүгээр ангидаа ирж, суралцсан. Аравдугаар ангиа 1972 онд нийслэлийн хоёрдугаар арван жилийг төгсөөд, МУИС-ийн цаг уурын анги авч, суралцах боломж нээгдсэн түүхтэй.
–Их сургуулиа төгсөөл, ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Тухайн үед их сургуулиа төгсөөд, диплом, ромбоо аваад, хуваарь сонсдог байсан. Би их сургуулиа төгсөхдөө гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон байсан. Ангийнхаа охинтой гэр бүл болж, нэг хүүхэдтэй болчихсон учраас хоёулаа хотын хуваарь авч, хотод ажиллана гэдэг их л хэцүү асуудал байсан. Яг ирээд хуваариа сонстол намайг Ус, цаг уурын хүрээлэнд хуваарилсан байсан. Тэр үед Ус, цаг уурын шинжилгээний институт гэдэг нэртэй байсан. Харин манай гэр бүлийн хүнийг Батлан хамгаалах яамны мэдэлд гэж хуваарилсан байсан.
-Та энэ Ус, цаг уур, орчны шинжилгээний газар хэдэн жил ажилласан бэ?
-Би энэ газар 40 гаруй жил ажилласан. Анх 1977 оны долоодугаар сарын 4-нд ажилд орсон. 1977 оноос 2016 он хүртэл Урьдчилан мэдээлэх хэлтэст ажилласан. Би анх инженер болж байлаа. 1983-1984 онд Хэнтий аймгийн Ус, цаг уурын товчоонд сеноптикийн ахлах инженерээр ажиллаж байлаа. Ирээд, 1985 оноос Урьдчилсан мэдээлэх хэлтэстээ ахлах инженерээр ажиллаж байсан. 2005 оноос Урьдчилсан мэдээлэх хэлтсийн даргын алба хашиж байлаа. 2009-2015 он хүртэл Хүрээлэнгийн үйлчилгээ хариуцсан дэд захирал, Урьдчилсан мэдээлэх хэлтсийн даргын албыг давхар хашиж байлаа. 2015 оны Засгийн газрын 55 дугаар тогтоолоор манай Мэдээлэл тооцооллын төв, Ус, цаг уурын хүрээлэн хоёр нэгдэж, одоогийн Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнг байгуулсан. Тэр үед манай Урьдчилсан мэдээлэх хэлтэс Урьдчилсан мэдээлэх төв нэртэйгээр байгуулагдаж, тэр төвийн даргыг хоёр жил хашиж, 2016 онд тэтгэвэртээ гарсан. Намайг тэтгэвэртээ гарахад манай хүрээлэн цаашид ажиллах санал тавьсан. Би 2016-2018 онд Сургалт, адисталтчлал хариуцсан мэргэжилтнээр хоёр жил ажиллаж, 2019 онд жинхэнэ тэтгэвэртээ гарсан. Өнөөдрийг хүртэл цаг уурынхаа орон нутгийн сеноптик инженерүүдийг бэлтгэхэд хичээл заах, заавар зөвлөгөө өгөх чиглэлээр ажлаа хийгээд явж байна.
–Таны амьдрал цаг уурын байгууллагатай салшгүй холбоотой ажээ. Эргээд бодоход таны амьдрал хэрхэн өнгөрсөн байна вэ?
-Амьдралаа сүүлд нь дүгнээд бодоход, би ов заль их муутай хүн юм байна. Ажил гэж явсаар тэтгэвэртээ гарсан. Өглөө ирж, ажлаа хийгээд л, орой буцаж хариад, маргааш нь ажил дээрээ цагтаа ирээд л. Ингэж явсаар 40 гаруй жил болжээ.
-Өнөөдөр бичлэг хийх гээд ажил дээрээ ирэхэд танд ямар санагдаж байна. Энд байгаа бүх зүйл дурсамж дүүрэн байгаа байх?
-Энэ байрны гадна талаар ойрхон явахаар заавал ормоор санагддаг. Манайхан их ачаалал ихтэй, цаг хугацаатай уралдаж ажилладаг болохоор заавал орж, хүмүүсийг уруу татаж, ажил алдагдуулах болов уу гээд заримдаа дараа оръё гээд явдаг. Тэрнээс хажуугаар нь ойртох л юм бол ормоор санагддаг. Энэ бол миний хоёр дахь гэр. Би залуу байхдаа энэ ажил дээрээ жилдээ хоёр сар гаруй хонож ажилладаг байсан.
–Оюутан байхдаа гэр бүлтэй болсон гэж ярьсан. Гэргийтэйгээ анх яаж танилцаж байв?
-Манай гэр бүлийн хүн бид хоёр анх 1972 онд их сургуульд байхдаа дадлагаар Жаргалантын сангийн аж ахуйд ногоо хурааж явахдаа танилцаж байсан. Түүнээс хойш явсаар дөрвөн жил суралцахынхаа явцад гэр бүл болсон. Манай гэр бүлийн хүнийг Чагцалын Эгиймаа гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат.
Манайх таван хүүхэдтэй. Таван хүүхдийг өсгөж, хүмүүжүүлсэн хүн бол манай хадам ээж. Манай ээж бас манайхтай ойролцоо байдаг байсан. Хоёр хөгшний буянаар л хүүхдүүдээ том болгосон доо.
Одоо хүүхдүүд бүгд том болоод, бид хоёр дөрвөн зээтэй. Том зээ нар гадаад, дотоодод сургуулийн оюутан болоод явах жишээтэй. Бага зээ нар дунд сургуулийн найм, есдүгээр ангийн сурагч болсон байна. Одоо бид хоёр ач, зээгээ харна гээд байхгүй. Хүүхдүүдээ өсгөөд том болгочихсон.
Зун болохоор наймдугаар ангийн охинтойгоо зуслан гардаг. Бид хоёр наймдугаар ангийн охиныг хараад байна уу эсвэл наймдугаар ангийн охин бид хоёрыг хараад байна уу гэлтэй л гурвуулаа байдаг. Заримдаа ээж, аавууд нь ирнэ, заримдаа ирэхгүй. Зуны цагт бид хоёр найзуудтайгаа байгалийн үзэсгэлэнт газруудаар жил бүр аялна. Хөдөө хээр гарч амарна, тоглоно. Иймэрхүү янзаар л гавьяаныхаа амралтыг эдэлж явна даа.
Монгол улсад ус, цаг уурын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд болох гэж байна. Үе үеийн ус, цаг уурчиддаа, одоо ажиллаж байгаа залуучууддаа ажлын амжилт хүсье. Эрхэлж буй ажилдаа улам их амжилт гаргаарай. 100 жилийн ойгоо өндөр амжилтаар угтаарай.
-Ярилцсанд баярлалаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.