Уран сайхны гимнастикийн Starlit клубийн нэрэмжит "ASIAN CUP 2023" ОУ-ын нээлттэй тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Тус тэмцээнд 5 орны 260 гаруй тамирчин өрсөлдөж байна. Энэ тэмцээн нээлттэй болж буй учраас 4-22 насны тамирчид өрсөлдөж байгаа юм. 2023 оны хувьд Монголын Гимнастикийн холбооноос сарын өмнөхөн Аэробик гимнастикийн Ази тивийн АШТ-ийг эх орондоо хүлээн авч зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад 2018 оноос эхлэлтэй Азийн цомын АШТ-ийг явуулж байна.
Уран сайхны гимнастикийн Азийн цомын тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байгаа бөгөөд 28-ны өдөр финалын шатны өрсөлдөөн явагдана. Сүүлийн жилүүдэд уран сайхны гимнастикийн төрөлд өрсөлдөж буй тамирчдад шүүгчдийн зүгээс "Жүжиглэлтийн оноо" өгдөг болсон учраас үзүүлбэрээ төгс гүйцэтгэхээс гадна урлаг талаасаа тамирчин өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ. Монгол улсад уран сайхны гимнастикаар 200 гаруй тамирчин хичээллэж тогтмол тэмцээн уралдаанд оролцож байна.