Хүүхдийн үдийн хоолны мөнгө нэмэх асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрээр “Хувийн сургуульд сурч байгаа 12 мянган хүүхдэд шаардлагатай хоолны эх үүсвэрийг тавьсан. Төсөв батлагддагаараа батлагдана. Төсөв батлагдахад УИХ-ын тогтоол баталдаг. Энэ тогтоолд нэг заалт нэмж оруулъя гэдэг зохицуулалттай байна. Түүнээс өнөөдөр хассан зүйл байхгүй.
Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 байна. Үүнийг хамгийн багадаа 4000 төгрөг болох шаардлагатай байна. Хүүхэд өдөрт авах ёстой калорийнхоо бараг 80 хувийг цэцэрлэгээр дамжиж авч байна. Цэцэрлэгийн болон 1-5-р ангийн үдийн хоолны зардал нийт 170 орчим тэрбум байна. Үүн дээр тогоочдын цалин, урсгал зардлаа бодохоор 230 орчим тэрбум төгрөг улсын төсөвт сууж байна. Үүнийг хоёр дахин нэмнэ гэвэл дахиад энэ хэмжээний мөнгөний эх үүсвэр хэрэгтэй. Магадгүй нэг хувилбар нь хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянган төгрөгийг нь хүүхдийн хоолонд зарах шийдэл байвал 1-12-р ангийн бүх хүүхдэд хоол өгөх боломж бүрдэнэ. Ийм эх үүсвэрээр асуудлыг шийдэхгүй бол дан ганц төсөвт найдаад, дахиад 230 тэрбум төгрөг олж, хүүхдийн хоолны мөнгө нэмнэ гэдэг нь эрсдэлтэй.
Жил бүр сургуульд орох хүүхдийн тоо нэмэгдэж байна. Ойрын хугацаанд 150 орчим сургууль нэмж барих шаардлага үүсэж байна. бид энэ 230 тэрбум төгрөгөөр цэцэрлэг, сургуулиа барих уу. Эсвэл сургууль, цэцэрлэг барих мөнгөөрөө үдийн хоолны зардлаа нэмэх үү гэдэг сонголттой тулгарч байна. Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг нь үдийн хоолны зардалд өгье. Өнөөдөр үдийн хоолонд зарж байгаа нэг доллар ирээдүйд эрүүл мэндийн есөн долларын зардал хэмнэдэг” гэв.