Монголын сагсан бөмбөгийн холбоо багагүй хугацаанд хоёр хуваагдан дотроо хагаралдаж мэтгэлцээнтэй явж ирсэн. Тэгвэл тус холбоо нэгдэн нийлж удирдлага, бүтэц бүрэлдэхүүнээ ч шинэчлэн зөв гольдролдоо орсон цаг саяхан. Өнгөрсөн жилээс нэгдэн нийлж элэг бүтэн болсон МСБХ 2023-2024 оны лигийн улирал эхлэх босгон дээрээ дахин бутарч эхэллээ. Тодруулбал дээд лигийн зарим багийн эзэд, хөрөнгө оруулагчид болон сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд зөвшилцөн нэгдэж нэг дээвэр дор орж чадахаа болив. Учир нь Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхлэх товтой байгаа ч "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван баг сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн. Дээрх багуудын хүргүүлсэн шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ. Тэгвэл энэ шаардлагын хариуд МСБХ-ноос илгээхдээ багуудаас тавьсан саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Ингээд ойрын өдрүүдэд сагсан бөмбөгийн фэнүүд, хөгжөөн дэмжигчдийнхээ уур унтууцлыг хүргээд буй эл асуудал өдөр хоног өнгөрөх тусам илтэд хурцадсаар байна. Өнөөдөр л гэхэд Дээд лигийн аваргын түрүүг ч хүртэж байсан, үндэсний аваргын төлөө жил бүр өрсөлдөж тогтмол оролцож яваа "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг албан ёсоор оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр гурван тал асуудлаа нэг талдаа зөвшилцөн шийдвэрлэж, нэгдэж чадахгүй бол лигийн тэмцээндээ олон өдөр хоног, сарын турш бэлтгэлээ хангаж оролцдог тамирчдын эрх ашиг хохирч хоцрох дээрээ тулчихаад байна.