Олон Улсын олимпын хорооны 141 дүгээр чуулган 10-р сарын 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотод болсон. Уг чуулганаар "Лос-Анжелес 2028" зуны Олимпын XXXIV наадмын хөтөлбөрт нэмэлтээр нийт таван спортын төрлийг оруулахаар албан ёсоор баталсан байна.
Бейсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд "Токио 2020" Олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтаж байгаа юм. Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа, крикет /Парис 1900/ 128 жилийн дараа Олимпын талбарт эргэн ирэхээр болсныг МҮОХ-ноос мэдээлж байна.
АНУ-ын Лос Анжелес хот 1932 оны зуны олимпын Х болон 1984 онд XXIII наадмыг тус тус хүлээн авч байсан түүхтэй. Харин энэ удаад гурав дахь зуны олимпын наадмыг зохион байгуулах гэж буй туршлагатай хот юм. 2024 он болон 2028 оны Олимпын тоглолтуудыг зохион байгуулах эрхийн төлөө ХБНГУ-ын Хамбург, Унгарын Будапешт болон Италийн Ром хотууд өрсөлдөж байв. Ингээд эцсийн шатанд Францын Парис, АНУ-ын Лос-Анжелес тунаж үлдсэн юм.