УИХ-ын гишүүн Д.Ганбат ШШГЕГ-ны харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн талаар мэдээллээ.
Тэрээр “Би Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзсан. Тэр “Би энэ хорих байгууллагаас амьд гарахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Д.Мөнх-Эрдэнэд авлигын асуудал байхгүй. Тэр зүгээр л дамжсан, дамжуулсан байх.
Түүний сэтгэл санаа нь цочирдсон, даралт нь өндөр байсан.
ХЭҮК зэрэг бусад байгууллагууд бүгд л эрх баригчдын дохиогоор хөдөлдөг гэдгийг ард түмэн мэдэж байгаа.
Д.Мөнх-Эрдэнэ өөрөө ч, гэр бүл нь прокурорын байгууллага, ШШГЕГ, ангийнхаа удирдлагад өргөдөл, гомдол, хүсэлтээ гаргасан байсан.
Ямар нэгэн дуулиан гаргаж, ард түмний амьдрал хэцүү, хүнд байгаагаар анхаарлыг нь сарниулж, ашигладаг зүйл бий боллоо. Улс орныг найман жил авч явчхаад, ийм ядууралтай болсны дараа ямар нэгэн хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлж, мэдэх эрхээ эдэлж, сөрөг хүчин ажлаа хийж байсан бол юу гэж 320 тэрбум төгрөгөөр автобус авч, 60 тэрбум, хөгжлийн банкны асуудал үүсэх вэ” гэв.