Попын гүнж Бритни Спирсийн амьдралын талаар өгүүлсэн “Woman in me” гэх дурсамж ном олны хүртээл болж эхэлсэн.
Дуучин бүсгүй инстаграм болон X хуудаснаа “Миний ном түүхэн дэх хамгийн их борлуулалттай уран бүтээлчийн дурсамж ном боллоо. Зарагдаад дөнгөж нэг л хонож байна шүү дээ. Та нартаа маш их баярлалаа” гэж бичжээ.
Уг ном борлуулалтад гарахаасаа өмнө л нийгмийн сүлжээг шуугиулаад байсан юм. Тухайлбал, эцгийнхээ хяналтад байсан уран бүтээлчийн амьдралаасаа гадна хувийн амьдралынхаа талаар багагүй зүйлсийг дуучин бүсгүй хуваалцсан байна.
2000-аад оны эхэн үеэр үерхэж байсан Жастин Тимберлейкээс хүүхэдтэй болсон ч жүжигчин, дуучин залуу хүүхэд хүсээгүйн улмаас үр хөндүүлсэн тухай, өсвөр насанд байхаасаа л хорт зуршлуудтай байсан ч продюсерүүд нь үүнийг нууж, түүнийг Христэд итгэгч, сайн охиноор олон нийтэд харуулах гэж оролддог байсан тухай гээд 20-иод жилийн дурсамжаа Бритни Спирс шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.