БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Ли Шанфу хоёр сарын турш олны нүднээс хол байсны эцэст ажлаасаа чөлөөлөгджээ. Түүнийг яагаад огцрох болсныг Хятадын эрх баригчид тайлбарлаагүй байна.
Энэ оны есдүгээр сард Ли Шанфуг шалгаж эхэлсэн талаарх мэдээллийг Wall Street Journal агентлаг анх мэдээлж байсан. Мөн барууны хэд хэдэн мэдээллийн агентлагууд түүнийг авлигын хэрэгтэй холбогдсон байж болзошгүй талаарх мэдээлэл түгээгээд байсан юм.
Ли Шанфу энэ оны гуравдугаар сард батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сард нэгэн аюулгүй байдлын чуулганы үеэр л олонд үзэгдсэн юм. Хятадад батлан хамгаалахын сайд хоёр долоо хоногоос дээш хугацаанд үзэгдэхгүй байх нь түгээмэл үзэгдэл биш аж. Угтаа Ли Шанфу болон тус улсын гадаад хэргийн сайд асан Чин Ган нар Ши Жиньпиний ойрын хүрээллийн хүмүүс байсан гэгддэг.
Чин Ганы хувьд АНУ-д суух Хятадын элчин сайдаар ажиллаж байгаад мөн энэ оны гуравдугаар сард гадаад хэргийн сайдаар томилогдсон ч удалгүй ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг АНУ-д ажиллаж байхдаа Хятад сурвалжлагч эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан талаарх мэдээ саяхан мөн барууны хэвлэлүүдийн онцлох сэдэв болсон юм. Гэхдээ Ли Шанфу, Чин Ган аль аль нь ажлаасаа яагаад чөлөөлөгдсөн талаарх мэдээлэл тодорхойгүй байна.