Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бусад цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд “2023 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн, дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг, зөрчлөөс товчхон дурдахад:
- 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
- Хоёр удаагийн үйлдлээр нийт 4,591 грамм буюу 4,6 килограмм алтан гулдмайг хууль бусаар гаргах гэж байсныг,
- Зургаан удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,
- Нэг удаагийн үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагууд болох цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллагуудтай хамтран илрүүлэн, шалгаж ажиллаж байна.
ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер байнга ажиллуулж, телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг хэрэгжүүлж ажилладаг.
Гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Хяналтын нэгдсэн төвөөс сүүлийн нэг сарын хугацаанд харьяа гаалийн хороодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "төв" тусгайлсан нэртэй ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт явуулсан. Нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил илэрсэн. Энэ зөрчилд татвараас зайлсхийх, худалдааны луйвар, хориглосон, хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан гэх мэт зөрчил байдаг.
Дээрх нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно. Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа орж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх ажиллагааг улам эрчимжүүлэн ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.