Нийслэлд гал түймрийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан НОБГ-аас мэдээллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Ойрын өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэж, улмаар хор хохирол ихсэж, хүн амь насаа алдаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт эхний арван сарын байдлаар 1400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүний 1300 гаруй нь буюу 80 гаруй хувь нь гал түймрийн дуудлага байна. Гал түймрийн дуудлагад ахуйн гал түймэр голлох шалтгааныг эзэлж байна.
Ахуйн гал түймэр цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйгээс мөн галтай болгоомжгүй харьцсан буюу үнс нурмаа ил задгай асгаснаас, бага насны хүүхдээ хараа хяналтгүй цоожилж үлдээсэн зэрэг гол шалтгаануудын улмаас үүсэж байна.
Өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүрэгт хоёр айлд гал түймэр гарч, хоёр хүн өртөж, нас барсан. Мөн урд шөнө нэг айлд гал гарч, долоон хүн нас барсан ноцтой, харамсалтай хэрэг гарсан. Тиймээс иргэд ахуйн гал түймрээс болгоомжилж, ОБЕГ-аас өгч буй заавар зөвлөгөөг дагаж, аюулгүй байдлаа хангаж, хууль, дүрэм, журмаа мөрдөж ажилла гэдгийг онцгойлон анхааруулж байна.
Гал түймэр өөрөө гардаггүй. Хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс гардаг.
Өчигдөр гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор ямар шалтгаанаас гал гарсныг хэлэх боломжгүй байна. Мансардтай, залгаа гражтай, гадуураа тоосгоор өнгөлсөн, өвлийн байшин байсан. Мөн ойролцоо байсан 7х7 хэмжээтэй байшин рүү гал үсэрсэн. Албан хамгаалагчид авран хамгаалж, ажилласан. Гал түймрээс таван иргэн аврагдсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх бичлэгээс үзнэ үү.