Хүн амины хэргээр ял эдэлж байгаад хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Махбалыг суллах шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан. Тиймээс хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Махбалыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх Давж заалдах шатны шүүх хурал маргааш болно.
Эргэн сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм. Тэрбээр уг үйлдэлдээ шүүхээс 11 жилийн хорих ял сонсож, ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байсан юм. Гэтэл түүнийг хугацаанаас нь өмнө буюу найман жилийн өмнө магадлангаар сулласан нь олны анхаарлыг татаж байсан.
Багануурын хорих ангийн удирдлагууд түүнийг засран хүмүүжсэн тул суллаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус дүүргийн шүүх хэлэлцэж ийн шийдвэрлэсэн аж.