Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин хүүхэд хамгааллын асуудал нь гэмт хэргийн дараа гэрэлтүүлэг тавьдаг, камержуулдаг асуудал биш, эрүүл орчин, эрүүл хооллолт, сэтгэл зүйн эрүүл мэнд гээд өргөн хүрээний асуудал гэдгийг хэллээ.
Тэрээр “Хүүхэд хамгаалал гэдэг маш олон талын асуудал. Зөвхөн хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүнийг шийдэх гарц, камерын асуудал биш. Бид маш явцуу тодорхойлж байна. Хүүхэд хамгааллын асуудал нь хүүхдийн шим тэжээлийн асуудал, хоол, ихэнх цагаа өнгөрүүлж буй сургууль, цэцэрлэгийн агаарын асуудал, орчны бохирдол, эрүүл мэндийн асуудал. Өчнөөн олноороо өвдөөд Монгол Улс эмчилж чадахгүй гээд гаргаа өргөөд байгаа хүүхдүүдийн эцэг эхийг хэрхэн дэмжиж, нэг ч гэсэн монгол хүнээ эрүүл болгох вэ гэдэг асуудал. Хүүхдийн сэтгэл зүй эрүүл байна уу, үүнд хариулах эрх бүхий хүн алга. Олон том зүйл ярихын оронд монгол хүний эрүүл мэндийн үндэс, үндэсний аюулгүй байдлын үндэс болсон асуудал сургууль, цэцэрлэгийн аягахан хоолоо бид ядаж хүрэх ёстой калорид нь хүргээд өгч болохгүй юм уу. Арай гэж 1500 төгрөг болгосон. 3000 төгрөг болгож байж 35 хувь нь хангагдана. Үүнийг уриалж, шийдье.
Нийгэмд асуудал болохоор л хойноос нь хөөж явдаг. Бид манлайлаад асуудлыг гаргаж ирэх ёстой. Гаргаад ирэхэд дэмжихгүй байна. Энэ 1500 төгрөгийг 3000 төгрөг болгох асуудал бол үндэсний хэмжээнд тавигдах ёстой. Ирээдүйн монгол хүний суурь асуудал.
Хууль сурталчлах гэж өөрсдийнхөө бузар булайг хааж, хэвлэлийнхэнтэй гэрээ хийдэг мөнгөө боль. Тэр хийсэн контентыг чинь хэн үзэж, гэгээрч байна. Хаана эерэг өөрчлөлт гарч байна вэ. Энэ мэт хуулийн дор худлаа гардаг төсвөө боль. Ялангуяа соёлын яам үүнийгээ боль” гэв.
Хяналтын сонсголыг дээрх бичлэгээс үзнэ үү.