ХЭҮК-ийн гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар Д.Мөнх-Эрдэнийг зодсон эсэх асуудаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Цахим орчинд аравдугаар сарын 16-аас эхлэн ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн биед тусгай ажиллагааны албан хаагчид халдсан, эрүү шүүлт тулгасан. Үүний улмаас тэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийн мөрөөр комиссын шуурхай хэсэг 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 19:45 цагаас 23:20 цагийн хооронд тус хорих ангид ажилласан. Ингэхдээ хорих ангийн камерын бичлэгтэй бүрэн танилцсан. Мөн ангийн ангийн жижүүр, хамгаалалтын ажилтны өдөр тутмын илтгэх хуудас, эмнэлгийн ажилтны тэмдэглэлтэй танилцсан. Нэр бүхий хоригдлуудын төлөөлөлтэй уулзаж, ярилцлага хийсэн. Мөн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзсан.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тусгай ажиллагааны газраас ажиллагаа зохион байгуулсан. Энэхүү ажиллагааны үеэр алба хаагчид хоригдлын амьдрах байранд гурван удаа нэвтэрсэн. Ингэхдээ эхлээд 14-17 цагийн хооронд хоригдлын амьдрах байрны гадна талбайд нийт хоригдлуудын гарыг нь ард нь байрлуулж, явган суулгах байдалтайгаар суулгасан. Сүүлийн нэг 1:30 минутад хөлийг нь амраах зорилгоор өгзгөөр нь газар суулгасан байдалтайгаар энэ ажиллагааг явуулжээ. Нийт хоригдлуудыг хэсэг хэсгээр нь босгож, нүцгэн биеийн үзлэг зохион байгуулсан. Энэ үзлэгийн үеэр шаардлага эсэргүүцсэн гэх хоригдлуудад тусгайлсан шаардлага тавьсан. Энэ ажиллагааны үеэр Д.Мөнх-Эрдэнэ нийт хоригдлуудын дунд байсан.
Дараа нь хоёр удаа хоригдлуудын байрлах байранд үзлэг хийхэд Д.Мөнх-Эрдэнийн өрөө хамрагдаагүй.
Бид Д.Мөнх-Эрдэнийн бие, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх асуудлыг хорих ангийн эмнэлгийн тэмдэглэл, тухайн үед Д.Мөнх-Эрдэнэд нүцгэн биеийн үзлэг хийж буй камерын бичлэгийг татан авч, хянан, өөртэй нь биечлэн уулзаж асуудлыг тодруулсан. Түүнтэй биечлэн уулзахад тодорхой тайлбар өгөөгүй, албан ёсоор бичгээр санал, хүсэлтээ өгнө гэдгээ илэрхийлсэн. Биднийг хорих ангид ажиллаж байх үеийн байдлаар түүний эрүүл мэндэд илт мэдэгдэхүйц хохирол, шарх сорви үүсээгүй байсан. Хөдөлгөөн хэвийн. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь хэвийн байсан. Д.Мөнх-Эрдэнэ тус хорих ангид ирснээс хойш артерийн даралт нь байнга ихэссэн гэх шалтгаанаар ангийн эмчийн хяналтад тогтмол байсан” гэв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.