АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга нар сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээллээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг “Мөрдөн шалгах хэлтэст авлигын гэмт хэргийн талаарх 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. эдгээрээс сүүлийн үед олны анхаарал татсан, олон нийтийн хүлээлт үүсгээд буй зарим онцлог хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагаас бидэнд өгсөн зөвшөөрлийн хэмжээнд товч мэдээллийг хүргэе. Тухайлбал, нүүрстэй холбоотой хэргүүд болон газар олголт, барилга байгууламж, “ногоон автобус”-ны хэрэг буюу нийтийн тээврийн тендер сонгон шалгаруулалт, допинг, боловсролын зээлийн сангийн талаар товч мэдээллийг хүргэнэ.
Нүүрстэй холбоотой хэргийн тухайд, өмнө нь АТГ-д нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмж 42 эрүүгийн хэрэг бүртгэлтэй хэргийг нээж, нийт 72 хэргийг шалгасан. Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна. 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Найман хэргийг хооронд нь нэгтгэн шалгаж байна. 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас хэрэг бүртгэлтэй хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргээс зургаа нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Дөрвөн хэрэг шүүхэд хянагдаж байна. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Нүүрстэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа олон жил үргэлжилсэн, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шалгаж байгаа учраас цаг хугацаа шаардагдаж байна.
АТГ-т шалгаж байгаа хэргүүдийн нэлээдгүй хувийг газар олголт, стандарт зөрчиж барилга байгууламж барьсан, ашиглалтад хүлээн авсан гэдэг гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаж байсан.
Өнгөрсөн зун Улаанбаатар хотод үерийн гамшиг болж олон иргэн, байгууллагад хор уршиг учирсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас албан тушаалаа урвуулан ашиглаж, Газрын тухай хууль, Усны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, үерийн далан шуудуу бүхий газарт газар олгосон, улмаар барилга барих зөвшөөрөл олгож, баригдсан барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсны улмаас бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. одоогоор энэ чиглэлээр хэрэг бүртгэлтийн найм, мөрдөн байцаалтын нэг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байна” гэв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.