Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Т.Бадамжунай болон түүний өмгөөлөгч гаргаж, урьдчилсан шатны хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Яллагдагч Т.Бадамжунай “Тархиндаа цус харвасны улмаас зүүн хөл, гар саажилттай, хэл ярианы саажилттай болж, артерийн даралт байнга ихсэж байгаа тул есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж, хэвтэрт бусдын асрамжид байна. Энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул дараа нь урьдчилсан шатны хэлэлцүүлэгт биечлэн оролцъё” гэдэг хүсэлтээ шүүхэд өгчээ.
Яллагдагч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт очиход онош тогтоогдоогүй тул Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг гэх зэргээр дамжин явсаар оношлуулсан. Оношилгоогоор баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь MRI шинжилгээгээр тогтоогдсон.
Өвчний улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл саажилттай, хэл ярианы саажилттай болсон. Артерийн даралт ихсэх өвчний нэг, зарим эмч нь хоёрдугаар шат гэж оношилсон. Ийм оноштойгоор есдүгээр сарын 25-наас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Гэвч засал олохгүй байгаа тул 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор түүний биеийн байдал тааруу, дээр хэлсэнчлэн зүүн талын гар, хөл саажилттай, бусдын асрамжид байнгын хэвтэрт байгаагаас гадна хэл яриа, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байгаа тул өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй байна.
Өөрөө урьдчилсан хэлэлцүүлэг, цаашлаад шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа.
Мөн эмчлэгч нарын хувьд хувьд Т.Бадамжунайг сэтгэл санааны хувьд байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга анхааруулж, зөвлөж байгаа. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Т.Бадамжунай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох хүсэлтээ гаргасан" гэж урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэллээ.
Урьдчилсан шатны хэлэлцүүлгийн бичлэгийг дээрээс үзнэ үү.