Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногийн пүрэв гарагаас бямба гарагийн хооронд АНУ-ын нийслэл Вашингтонд хоёр өдрийн айлчлал хийх гэж байна.
Тэрбээр энэ айлчлалын хүрээнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан нартай уулзах юм. Тэдний хэлэлцэх асуудлууд дунд Украин, Израилийн нөхцөл байдал багтаж байгаа ба Хятад улс эдгээр асуудалд дорвитой арга хэмжээ авахад АНУ-ын зүгээс шахалт үзүүлж магадгүй байгааг шинжээчид таамаглаж буй.
Түүнчлэн Ван И-гийн айлчлал нь Э.Блинкений Хятадад энэ оны зургаадугаар сард хийсэн айлчлалын “хариу” болж байна. Хоёр улсын өндөр албан тушаалтнууд ингэж айлчилснаар Жо Байден, Ши Жиньпин хоёрыг биечлэн уулзах явцыг түргэсгэж байгаа юм.
Хятад улсын хувьд Орос, Украины дайнд Оросыг буруутгаагүй, тус улстай сайн харилцаатай байгаа бол Ойрх Дорнодын мөргөлдөөнд гал зогсоохыг уриалж байгаа ба Арабын орнуудтай хамтран ажиллана гэсэн байр суурьтай байна.