Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд Газын зурваст яаралтай гал зогсоохыг уриалж байна. Учир нь тус бүсэд шатахууны хомстол нүүрлээд байгаа нь эмнэлэгт байгаа хүүхдүүдийг аварч чадахгүйд хүргэж болзошгүй байгаа юм. Хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст 2000 гаруй хүүхэд амь үрэгджээ.
Израилийн батлан хамгаалах хүчин дайралтаа улам нэмэгдүүлж байгаа бөгөөд тус улсын батлан хамгаалахын сайд Юав Галлант “газар, агаар, усаар дайралтаа зэрэг хийнэ” гэж мэдэгдээд буй.
Аравдугаар сарын 7-нд “ХАМАС” бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгснөөс хойш тус улс “ХАМАС” бүлэглэлийг “газрын хөрснөөс арчина” гэсэн юм.
“Save the children” байгууллагын мэдээлснээр нэг сая гаруй хүүхэд Газын зурваст эрүүл мэндийн хүртээмж хомс, тог цахилгаангүй хавчигдсан байдалтай байна. Газын зурваст шатахуун юу юунаас илүү чухал байгаа. Тухайлбал, шатахуунгүй бол ус шахах боломжгүй, агааржуулалтгүй, мэс заслын тоног төхөөрөмжийг ариутгах генераторууд ажиллахгүй болж байна.
Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Израилийн цохилтоос болж 12 эмнэлэг, 32 эрүүл мэндийн төв ажиллахгүй байна.