Цар тахлын үед зарцуулсан төсвийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах байсан ч хойшиллоо. Энэ асуудал дээр заавал шинжээч томилж байж асуудлыг ярих ёстой гэж АН-аас үзэж байна. Тэдний өгч байгаа мэдээллээр, Бид ЖДҮ-ийн 50 тэрбум төгрөг гэж ярьдаг. Гэтэл цар тахал нэрийн доор 20 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ бүгдийг нууцын зэрэглэлд оруулж, тендэр зарлахгүйгээр авсан. Үүний цаана их хэмжээний мөнгө угаалт болсон гэж хардаж байна. Тухайлбал, Үүнээс, 63 тэрбумын хамгаалах хэрэгсэл худалдаж авсан, 20 тэрбумаар шаардлагагүй бүтээгдэхүүн авч, эмнэлгүүдэд шахсан, 1 ширхэг амны хаалтыг 20 мянган төгрөгөөр худалдаж авсан зэрэг асуудлыг хөндлөө. Яг л хөгжлийн банкны хэрэг шиг шинжээч томилж, асуудлыг ярих ёстой гэж сөрөг хүчний бүлгээс шүүмжиллээ. Ямар албан тушаалтан, хаанаас, хэдэн төгрөгөөр юу худалдаж авсныг нэг бүрчлэн тайлагнахыг шаардаж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол мэдээлэл дутуу, шинжээч томилогдоогүй шалтгаанаар хойшиллоо.
Коронагийн үед бусад яамд хэмнэлтийн горимд шилжсэн. Гэтэл Эрүүл мэндийн яаманд оны сүүлээр санхүү мөнгө илүү гараад хамааралгүй зарцуулж эхэлсэн. Жишээ нь эрүүл мэндийн яамны харьяа Хан-Уул дүүргийн эмнэлэгт 50 тэрбум төгрөг илүү гараад, 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барина гээд, зураг төсөл хийлгээд явж байсан зэрэг олон баримт байна.
20 мянган төгрөгийн маск яагаад 200 төгрөг болсон юм. Ямар компанитай худалдан авах гэрээ байгуулсан тухай мэдээллийг зургаадугаар сараас хойш өгнө үү гэхэд л өгөөгүй.
"Шинжээчгүйгээр сонсголоо одоо зохион байгуул" гэж шахаж байгаа нь үнэнийг ард түмнээс нуух хүсэл байгаагийн илрэл” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Найман сая төгрөгөөр эмчилж байгаад 170 мянган төгрөгөөр эмчилдэг болсон ялгааг тайлбарлахыг ард түмэн шаардаж байна. УИХ-ын хуулийн хэсэг нь хоёр өөр тайлбар өгөөд шинжээчгүй сонсгол зохион байгуулах гэж байгаа бол бид энэ сонсголыг хийхгүй
Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр улстөрчид өөрсдөө дүгнэхгүй байя гэхээр шинжээч томилж өгөхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Их хурлын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.