Солонгост Бизнес өрөг нэвтрүүлгийн шинэ дугаарын бичлэг хийнгээ Болороо бид хоёр өөрсдөө ч бизнесийн боломж судалж гоо сайхны хоёр ч том экспо үзлээ. Нэвтрүүлгийн зочинтой хийсэн ярилцлага, Чүнчон мужийн эдийн засгийн чөлөөт бүсийн агентлагийн даргаас авсан мэдээлэл, экспо үзэж, аялахдаа анзаарсан зүйлүүдийг боловсруулж хүргэвэл Солонгосоос суралцах наад захын таван шалтгаан байна.
1. Экспо дээр танилцсан, цаг товлож уулзсан үйлдвэрийнхэн гээд уулзсан ихэнх солонгосчууд Монголд ирж үзсэн нь сайхан санагдаж байлаа. Зарим нь бүр бизнесийн чиглэлээр 20 гаруй удаа ч ирж. Энэ жилийн тоог харахад нийт жуулчдын 20 гаруй хувь солонгосоос ирсэн байна. Тэд Монголд юу үзэхийг мэдэж байна, монгол хоол, архийг мэдэж байна. Ноолуур, оймсыг хүртэл сайшааж хэрэглэдэг болж. Ингэхээр тэнд монгол бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл бэлэн болж байна гэсэн үг. Бид одоо сонирхлынх нь дагуу илүү олон бүтээгдэхүүн танилцуулж борлуулмаар санагдлаа. Түүхий эдээ гаргах боломжтой санагдлаа. Өмнөх пост дээрээ бичиж байсан даа "Манайд хаа сайгүй ургадаг халиар тэнд тансаг амтлагчид тооцогддог оо" гэж.
2. БНСУ-ын Чүнчон муж гоо сайхны үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд “Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс” болж гадаад жуулчдыг жижиг том гэж ялгалгүй бүх таатай нөхцөлөөр урьж байна. “Манайд ирж бизнес хий, бид танд ийм давуу тал олгоё, дэмжье хамтаръя” гээд төрийн байгууллагын дарга нь ирсэн хүмүүстээ танилцуулга хийж, уриалж байна. Нутгийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг харуулсан янз бүрийн экспог зохион байгуулж, экспо аялалд урьж байна.
3. Онцолмоор жишээ нь тэндээ амьдардаг гадаад хүмүүсийг худалдааны чөлөөт бүсийнхээ төлөөлөгч болгож, тэднийг сургаж, оффисоор ханган эх орноосоо худалдан авагч олж ирэхийг ажил болгон дэмжиж байна. Эх орноосоо хэнийг авч ирж, юу сонирхохыг сайн мэдэх болохоор гадаад төлөөлөгч сонгож сургаж хамтарч ажиллаж байгаа нь их зөв арга санагдлаа. Солонгос улс эдийн засгаа тэлэхийн тулд жижиг дунд бизнесүүдээ засгийн газраас нь бүх талаар нь сайн дэмждэг аж. Жижиг дунд бизнесүүдээс дараагийн Samsung, Hyundai зэрэг том групп компаниуд төрнө гэж үздэг аж.
4. Солонгос улс гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өнөөг хүртэл тэргүүлсээр ирсэн Францтай чанараараа өрсөлддөг боллоо. Тэгвэл бид тэдэнд гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэх боломж байна. Манайд байдаг онцлог түүхий эдүүдийг их сургуулиудынхаа лабораторид судлаад эхэлжээ. Монголчууд ядаж анхан шатны боловсруулалт хийгээд наашаа явуулбал бидэнд их амар байна, бид авахад бэлэн гэж ярьж байна.
5. Зөвхөн Солонгосын Чүнчон муж дээр л жишээ авахад шинэ хотуудынхаа төлөвлөгөөг ойрын хэдэн жилээр нарийн төлөвлөжээ. Гоо сайхны үйлдвэрлэл хөгжүүлэх бүс нутаг болгохоо зарлачихсан учраас бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчид нь бизнесийн төлөвлөгөөгөө уялдуулахад амар байна. Ямар ч гэнэтийн шийдвэр байхгүй бүх зүйл төлөвлөгөөний дагуу учраас гаднаас бизнесийн хамтрагчдаа авч ирж урт хугацааны ажил ярихад бардам байна.
Манай 50 гаруй мянган иргэд тэнд ажиллаж, сурч амьдарч байна. Олон хүн Солонгост байрны урьдчилгаа хийх гэж, амьжиргааны орлогоо сайжруулах гэж хүнд ажил хийдэг. Тэгвэл одоо байрнаас гадна жижиг гэлтгүй бизнесийн ямар боломж байгааг олж харж, нэгдэж нийлээд ч хамаагүй бизнес “чирээд” ирвэл зовж олсон мөнгөө өсгөхөд нэмэртэй юм даа гэж харлаа. Экспо сайн үзэж, үйлдвэрүүдтэй явж ярилцаж үзвэл боломжуудыг олж харах юм байна лээ.