Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай өнгөрсөн бямба гаригт утсаар ярьж, Украины энх тайван, хүнсний аюулгүй байдал, мөн Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэж Зеленский X хуудаснаа жиргэжээ. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ Украины зүүн болон өмнөд бүс нутгуудад их буу, пуужингаар цохилт өгсний улмаас гурван хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан байна.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Оростой хийсэн дайны улмаас тус улсын нутаг дэвсгэрийн гуравны нэгээс илүү нь мина, тэсрэх бодисоор бохирдсон тухай Телеграмд нийтэлжээ. Энэ мэдэгдэлд “Өнгөрсөн долоо хоногт Украины Зэвсэгт хүчний туслах хүчний командлалын мэргэжилтнүүд 260 гаруй га газар тариалангийн талбай болон бусад нутаг дэвсгэрийг тэсрэх бодисоос цэвэрлэж, 3530 тэсрэх бодисыг устгаж, саармагжуулсан байна. ОХУ-ын дайн эхэлснээс хойш Украины Зэвсэгт хүчний туслах хүчний командлалын ангиудын мина устгах ажиллагаагаар нийт 11,285 мянган га газар тариалангийн талбайг тэсрэх бодисоос цэвэрлэж, устгажээ. Мөн 135,792 тэсрэх бодисыг саармагжуулжээ” гэсэн байна.
Украинд үзүүлэх улс орнуудын тусламж ч мөн нэмэгдсэн хэвээр байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин, Израилд зориулж цэрэг болон хүмүүнлэгийн тусламжийн 106 тэрбум ам.долларыг батлах хүсэлт конгресст гаргасан.
Мөн Герман улс Украины боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог сэргээх, ундны усны хангамж, хотуудыг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 сая еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээр болжээ. Герман улс энэ сарын эхээр Украинд нэг тэрбум еврогийн үнэ бүхий өөр нэг тусламжийн багцыг танилцуулсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мөн мэдэгдлээ.
Эх сурвалж: GUARDIAN