Хятад улс сүүлийн нэг жилийн хугацаанд цөмийн зэвсгийн нөөцөө мэдэгдэхүйц нэмэгдүүлж, одоо 500 орчим байлдааны цэнэгт хошуутай болсон гэж АНУ мэдэгдэв. Тодруулбал, Пентагоны жил тутмын тайланд дурдсанаар Бээжин 2030 он гэхэд зэвсгийн нөөцөө хоёр дахин нэмэгдүүлж, 1000 гаруй цэнэгт хошуутай болгохоор зорьж байна гэжээ.
Гэхдээ Хятад улс "анхны цохилт өгөхгүй" гэсэн цөмийн бодлого баримталсаар байгаа гэж мөн дурдсан байна. Энэ нь төсөөлж байснаас давсан үзүүлэлт ч гэлээ Хятадын нөөц Орос, АНУ-ын нөөцөөс доогуур хэвээр байна гэж дээрх тайланд тодотгожээ. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Орос 5889 орчим цөмийн цэнэгт хошуутай, АНУ 5244 цэнэгт хошуутай. Харин 2021 онд АНУ-ын Батлан хамгаалах яам Хятадыг 400 орчим байлдааны хошуутай гэж тооцоолж байжээ.
Ши Жиньпин Хятад улсыг 2049 он гэхэд "дэлхийн жишигт нийцсэн арми"-тай болгоно гэж зарлаж байсан удаатай. Тэрбээр 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш зэвсэгт хүчнээ шинэчлэхэд ач холбогдол өгсөөр ирсэн юм.
Эх сурвалж: VOA