Энэ сарын эхээр АТГ-аас Допингийн асуудлаар холбогдож ажиллагааг явуулж БТСУХ-ны дэргэдэх Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн албан байранд нэгжлэг хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан бид Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигтай товч ярилцлаа.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд холбогдох ажиллагааг зохион байгуулсан нь саяхан. Шалгалтын үеэр үнэхээр танай эмч мэргэжилтний ажлын өрөөнөөс допингийн жагсаалтад багтсан хориотой бодис илэрсэн үү?
2023 оны 10-р сарын 03-ны өдөрСпортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн байранд холбогдох ажиллагаа явагдсан. Энэхүү ажиллагааны үеэр манай мэргэжилтний өрөөнөөс допингийн жагсаалтад орсон ямар нэгэн бодис илрээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж буйд харамсалтай байгаа.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нэртэйгээр хэзээ биеэ даасан төв болсон бэ?
Өмнө нь манай төв БТСУХ-нд харьяалагддаг алба байсан. 2020 онд бүтэц өөрчлөгдөж Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон тусдаа бие даасан байгууллага болсон. 3 алба нэгжтэй, 21 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв мааньҮндэсний шигшээ багийг 25 спортын төрөлд Олон улсын Допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораториудын албан ёсны зөвшөөрөлтэй "Эм бодис, уураг, витаминжуулалт"-аар үйлчилдэг. Тэгэхээр манай төвд хориотой бодис байх ямар ч үндэслэл байхгүй гэж ойлгож болно. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна.
Танай төвөөс Допингийн эсрэг мэдээ мэдээллийг спортынхонд таниулах зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг уу?
Бид 25 спортын төрөлд улирал бүр "Допингийн эсрэг сургалт"-ыг үе шатлалтай зохион байгуулдаг. Энэхүү сургалтад зөвхөн тамирчид бус дасгалжуулагч, Үндэсний шигшээ багт хамаарч буй эмч, бусад ажилтнууд хамрагдаж явдаг. Ер нь бол допингийн эсрэг үйл ажиллагааны асуудлын хүрээнд бид бүхэн Үндэсний шигшээ баг гэлтгүй өсвөрийн шигшээ баг, залуучуудын шигшээ баг хөдөө орон нутгийн спортын салбарынханд энэхүү сургалтыг 2021 оноос үе шаттай хэрэгжүүлж явж байгаа. Тэгэхээр жил бүр Олон Улсын Допингийн эсрэг байгууллагаас шинэчлэн гаргадаг хориотой бодис жагсаалтын ном журмаар нь мөрдөж ажиллаж дүрмээ баримталдаг.