2024 оны төсвийн онцлогийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонн, эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэх, инфляцыг 8,5 хувьд хүртэл бууруулахаар тусгалаа. Засгийн газраас ирэх 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод биржээр арилжаалах, хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн нийт орлогыг 27.2 их наяд төгрөг хүрнэ гэж тооцож байна. Мөн зэсийн баяжмалыг 9000 ам.доллароор 1,5 сая тонн, төмрийн хүдрийг 84 ам.доллароор 8,4 сая тонн, газрын тосыг нэг баррелийн 83 ам.доллароор 4,8 сая тонныг экспортлохоор төлөвлөсөн.
Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Нефть боловсруулах үйлдвэрээс гадна, 10 аймагт дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Энэ станцын ажил дууссанаар орон нутагт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих бодит эхлэл тавигдана. Үүнээс гадна, цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барьж байгуулна. Хөгжлийн сууриа харсан, хөгжлийн суурийг дэд бүтцээр хангах ажлууд бодитоор хийнэ.
Замын салбарт ч том ахиц гаргахаар төлөвлөж байна. Нийтдээ 750 км шинэ болон үргэлжлэх авто зам тавина. Барилга, хот байгуулалтын салбар дээр 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх жил үргэлжилнэ.
Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хамгийн том ажил бол бидний олон жил хүлээсэн эрхтэн шилжүүлэх суулгах үндэсний эмнэлэгтэй болох эхлэл тавигдана. Нийт 140 тэрбумын өртөгтэй. 2024 оны төсөвт 42 тэрбум төгрөг тус тус батална. Сүүлийн хоёр жилд эмнэлгийн зураг төслийг нь боловсруулсан. Энэ бүтээн байгуулалт эрүүл мэндийн салбарт нэлээн том дэвшил авчирна гэж харж байна. Манай эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг маш амжилттай хийж байна. Тэгвэл барууны стандартад нийцсэн эмнэлгийг бид бүтээн босгохоор төлөвлөж байна” гэлээ.