Холлиудын домогт найруулагч Мартин Скорсесийн шинэ бүтээл болох “Killers of the flower moon” өнөөдөр дэлхий даяар нээлтээ хийнэ.
Гурван цаг хагас үргэлжлэх тус гэмт хэргийн төрлийн кино нь Девид Гранны ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн юм. Мартин Скорсесийн хамтрагчид болох Роберт Де Ниро, Леонардо Дикаприо нар дүр бүтээсэн гэдгээсээ л олны анхаарлыг татаж байсан уг бүтээл бодит явдлаас сэдэвлэсэн байна. Тухайлбал, шинэ бүтээл нь 1920-иод онд Оклахомад болсон үйл явдлыг харуулсан ба тухайн үед асар их баялагтай байсан 60 гаруй уугуул америкчуудыг цагаан арьстнууд хөнөөсөн байдаг.
Мартин Скорсесийн бүтээлүүд ихэвчлэн гэмт хэргийн төрлийн байдаг ба гудамжны гангстерууд, томоохон хотууд дахь гэмт бүлэглэлийнхний амьдралыг харуулдаг гэдгээрээ “бренд” болсон. Шинэ киноныхоо талаар домогт найруулагч “Би гудамжны, зохион байгуулалттай гэмт хэрэг ихтэй газар өссөн. Маш олон хүн муу зүйлс хийж байсан. Харин энэхүү шинэ бүтээлдээ хэн нэгэн бусдаас юм хулгайлснаараа бүхэл бүтэн үндэстнийг устгах аюулд хүргэж байгааг харуулахыг зорилоо” гэжээ. Найруулагч томоохон студиудтэй төдийлөн хамтарч ажиллаад байдаггүй. Гэхдээ энэ удаагийн бүтээл нь “маш их төсөв”-өөр бүтсэнийг хэвлэлүүд онцолж байна. Мартин Скорсесийн хувьд франчайзууд кино урлагт хүч түрж байгааг эсэргүүцдэг нэгэн ба комик зохиолууд кино урлагт тэргүүлж байгааг эмгэнэл гэж үздэг нэгэн юм.
SOURCE: BBC