Есөн сарын өмнө шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгажээ. Ингэхдээ эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан юм. Тэгвэл өнгөрсөн долоодугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоодог болсон. Энэ талаар “Сэтгэл санааны хохирогчдыг дэмжих холбоо” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Баянмөнхтэй ярилцлаа.
-Ярилцлагаа шинэ холбооны зорилго, үйл ажиллгааны талаар эхлэе?
-Манай “Сэтгэл санааны хохирогчдыг дэмжих холбоо” НҮТББ байгууллага нь Хүний эрх, шударга ёсыг бэхжүүлэх, аливаа эрх зүйн харилцааны улмаас иргэдэд учирсан сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг арилгахад чиглэсэн нийгмийн манлайлал, нөлөөллийг бий болгох зорилгоор байгуулагдсан холбоо гэж ойлгоход болно.
-Манай улсад сэтгэл санааны хохирлыг барагдуулах хууль, эрх зүйн орчин ямар байгаа вэ?
-Өнөөдрийн түвшинд бол хууль, эрх зүйн орчин хэдий дутмаг байгаа ч шүүхээс сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэсэн тохиолдлууд байдаг. Тухайлбал: Улсын дээд шүүхээс 2022 онд сэтгэл санааны хохирлыг тооцохдоо АНУ-ын муж бүрээр тогтоогдсон одоо мөрдөж байгаа сэтгэл санааны хохирлын доод төвшин 250 ам.доллар, БНСУ-ын шинэчилсэн суурь үнэ 100,000,000 вон зэргийг Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ, ДНБ-ний харьцаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь зэрэг шалгуурыг харьцуулан сэтгэл санааны хохирлыг 36,164,000 төгрөгөөр тогтоож болно гэсэн шүүхийн жишиг гаргаж нэхэмжилсэн дүнгийн хэмжээнд сэтгэл санааны хохирлыг шийдсэн тохиолдол бий.
Одоогоор хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тухайн хүнийг оршуулах ажилд зарцуулагдсан мөнгөн дүнг баримтаар тогтоогдсон хэмжээнд, эрүүл мэндээрээ хохирсон хүнд эмчилгээний зардалтай холбоотой мөнгөн дүнг баримтаар тогтоогдсон хэмжээнд тус тус хохиролд тооцож байгаа боловч шинэчлэн баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн хүрээнд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 84 хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг мөн тогтоодог болсон.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хор, хохирлыг арилгах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Энэ нь маш том дэвшилтэд алхам юм.
– Ямар хууль, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Монгол Улсын Их Хурал Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлаж энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн зургаан бүлэг, 84 зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт бий болж холбогдох дүрэм, журам нь боловсруулагдаж 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн байгаа гэсэнг үг.
-Эрүүгийн ямар төрлийн хэргүүдэд уг сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэдэг болж байгаа вэ?
-Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Ялгаварлан гадуурхах, Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах, Үзэл бодлоо илэрхийлэх, Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах, Хүүхдийн эсрэг, Хулгайлах, Дээрэмдэх, Залилах зэрэг хэргүүд багтаж байгаа нь гэмт хэргийг нийтлэг байдлаар маш сайн оруулж өгсөн хэрэг. Тухайлбал хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол тооцогддогүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргадаггүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эдийн засгийн хувьд ашигтай, хохирсон хүнд сэтгэл санааны хохиролтой үлддэг байсныг уг хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг тогтоож, сэтгэл санааны хохирлыг тооцож байна.
-Танай холбоо дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотой ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Манай холбоо нь Хууль, эрх зүйн мэргэжлийн багийг дэргэдээ ажиллуулж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдэд ч хуульч, өмгөөлөгч нар багтаж байгаа тул иргэдэд хууль зүйн хувьд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдэд мэдээллийг баттай эх сурвалжаар дамжуулах, сургалт арга зүйгээр хангах, иргэдэд зориулсан гарын авлага гаргах зэрэг ажлуудыг одоогоор хийгээд явж байна.
-Ирээдүйд сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулдаг болох төлөв ажиглагдаж байна? Энэ чиглэлээр холбоо нөлөөллийн ямар арга хэмжээ авах вэ?
-Манай Улсад Сэтгэл санааны хохирлоор анхдагч төрийн бус байгууллага болохынхоо хувьд нэн тэргүүнд иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарна. Харин Хүний эрхийн үндсний комисс зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй зарим байгууллагууд энэ чиглэлээр ажиллах үүрэгтэй боловч шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдол, бодит кейс хомс, мэдээлэл муутай ажилладаг.
Дээрх төрийн байгууллага, иргэдийн уялдаа холбоогүй байдлыг засах, нийгэм, эдийн засгийн бүхий л түвшинд нэн түрүүнд хохирсон иргэдийн эрх, ашгийг хамгаалах арга, хэмжээг хэрэгжүүлж ажиллана.
Цаашид Төрийн байгууллага, албан тушаалтны эрхэлсэн ажилдаа хайнга, гарц шийдэлгүй ажиллаж байгаагаас хохирч буй иргэдийн байдалд мониторинг хийж, бодитой хохирсон иргэдийн сэтгэл санаа, гэм хорын хохирлыг барагдуулах, энэ чиглэлээр нийгэмд хүчтэй дуу хоолой нөлөөллийг бий болгож ажиллахыг зорьж байна.