БНХАУ-д “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалт болж өндөрлөлөө. Энэ чуулга уулзалтад оролцохоор 130 гаруй орны 1000 элч төлөөлөгч ирсэн. Чуулганы нээлтийн ёслолд тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин илтгэл тавьсныг дэлхий нийт чих тавин сонсож байлаа. Нэн тэргүүнд, тэрбээр Хятад улс "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэхэд, мөн оролцогч орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд найман томоохон алхам хийнэ гэсэн юм.
"Бүс ба Зам" санаачилгын бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс санхүүжилтээ нэмэгдүүлэхээр боллоо.
Тодруулбал, Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт-Импортын банк тус бүр 350 тэрбум юань буюу 48.75 тэрбум ам.долларын санхүүжилтийг үүсгэж, Торгоны замын санд мөн 80 тэрбум юанийг нэмж төвлөрүүлнэ гэж БНХАУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ.
Энэ жил “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ой тохиож байгаа. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Хятад улс 150 улс болон 30 олон улсын байгууллагатай 200 гаруй “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Бүс ба зам"-ыг Хятад улс санаачилсан ч түүний үр ашиг, боломжийг дэлхий нийтээрээ хуваалцах болно” гэдгийг онцолсон юм.
Энэ чуулганы онцлох зочин болох Путины хувьд бас энэ ёслол дээр илтгэл тавьсан. Тэрбээр өөрийн холбоотон, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй санал нэг байгаагаа хэлсэн. Тэрбээр ОХУ гадаад түншүүдийнхээ хамт Төв Сибирийн өмнөд хэсгээс Хятад, Монгол руу, мөн Энэтхэг, Номхон далайн бусад боомт руу чиглэсэн төмөр замыг барьж байгуулахаар ажиллаж байна гэдгээ онцоллоо.
Путин илтгэлийнхээ үеэр “Орос бол дэлхийн хамгийн том орон. Тийм ч учраас бүх түншүүд уялдаа холбоо сайтай байх нь тэдний харилцаанд чухал ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн. ОХУ-ын хувьд 17,098,242 км² талбайтай, дэлхийн хамгийн том газар нутагтай орон.
Мөн Путин "Бүс ба зам" санаачилга нь "худалдаа, хөрөнгө оруулалт, ажиллах хүчний эрх чөлөөг бүрэн хангасан интеграцийн хэлхээг бий болгох" гэсэн Оросын санаа, үзэлтэй бүрэн нийцэж байна гэсэн юм. Ши Жиньпин болон В.Путин нар энэ өдөр мөн хоёр талт уулзалт хийсэн байна.
Эх сурвалж: CGTN, BBC