АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Лхагва гарагт Израилийн нийслэл Тел-Авив-т газардсан. Түүнийг Израилийн ерөнхий сайд Бенямин Нетаняху угтаж, тэвэрч мэндэлсэн байна.
Үүний дараа тэд хамтарсан хэвлжлийн хурал хийсэн. Энэ үеэр Ж.Байден “Газа хотын эмнэлэгт болсон үйл явдалд маш их харамсаж байна. Гэхдээ миний харсан мэдээллээр энэ халдлагыг Израиль үйлдээгүй байсан. Хэдий тийм ч олон хүн эсрэгээр нь бодож байна. Бидэнд даван туулах зүйл их байна” гэжээ. Эмнэлгийн халдлагад Хамас бүлэглэл Израилийг буруутгаж байгаа бол Израилийн батлан хамгаалах хүчин үүний ард Палестины зэвсэгт бүлэглэл байгаа юм. Энэ хэргийг АНУ-ын тагнуулын алба шалгаж, Израиль мэдээллээ хуваалцсан гэсэн бөгөөд Жо Байден батлан хамгаалах албаныхнаасаа энэ хэргийн талаарх баримт нотолгоог олж мэлсэн гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тэрбээр мөн Нетаняху-д хандаж олон улсын хууль дүрмийг чандлан баримталж, хязгаараас давахгүй байхыг сануулсан өнгө аястай хэлжээ. Байден угтаа энэ айлчлалаараа Йорданд очиж, дөрвөн талт уулзалт хийх төлөвлөгөөтэй байсан ч Газа дахь эмнэлэг цохилтод өртөж, 500 гаруй хүн амь үрэгдсэнээс болж цуцлагдсан. Улмаар хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээгээр “Байдены засаг захиргаа бүтэлгүйтлээ” гэх утгатай гарчгууд харагдаж эхэлсэн юм. Харин тэрбээр Йорданы ерөнхийлөгчтэй сайн харилцаатай байгаа гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн байна.
Түүнчлэн тэрбээр Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Эл Сиситэй утсаар ярьсан бөгөөд Египетийн талаас “Рафах” хянан шалгах цэгийг нээж, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр болжээ.
Эхний ээлжинд хүмүүнлэгийн тусламж бүхий 20 тээврийн машиныг оруулах юм байна. Мөн энэ цэгийг зөвхөн хүмүүнлэгийн тусламж оруулахад зориулж нээж байгаа буюу хүмүүсийг дүрвэхэд ашиглахгүй гэв. Египетээр дамжуулан хүмүүнлэгийн тусламж орох гэж буйг Израиль ч мөн зөвшөөрсөн гэдгийг Байден хэлжээ. Үүгээр зогсохгүй, 100 сая ам.долларыг Палестины энгийн иргэдэд зориулна гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн байна.