Энэ жилийн хувьд сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт эрэгтэй 8 баг, эмэгтэй 6 баг өрсөлдөхөөр байна. Өнгөрсөн жилээс эмэгтэй лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Энэ жил хоёр дахь удаагаа үргэлжлэн явагдана.
Тэр дундаа эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилдөө МСБХ-ноос үргэлжлүүлэн анхаарч ажиллаж байгаа аж. Энэ жилийн лигт багийн эзэд голдуу гаднаас дасгажуулагч нарыг багтаа урьж ажиллуулж байна. Одоогийн байдлаар эрэгтэй 8 багийн 7 баг нь гадаад дасгалжуулагчтай байна. Тэдний хоёр нь Солонгос дасгалжуулагч бөгөөд бусдынх нь хувьд Европын дасгалжуулагч нар. Мөн эдгээр дасгалжуулагч нар нь Европтоо өндөр зэрэглэлийн топ түвшинд ажилладаг хүмүүс байдаг гэдгийг МСБХ-ноос онцоллоо. Энэ хэрээрээ лигийн өрсөлдөөн ямар хүчтэй болж буйг харуулж байгаа аж. Дээр нь багууд 2 болон 3 сарын өмнөөс легионер тамирчдаа, дасгалжуулагчаа урьж авчраад бэлтгэл сургуулилтдаа гараад нэлээд бие даасан бэлтгэлтэй байгааг мэдээллээ. Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны шинэ улирлын тоглолтууд UG аренад болно. Нээлтийн үйл ажиллагаа 11-р сарын 03-ны өдөр 18:10 цагт болох бөгөөд тасалбарын хувьд суудал тус бүрээсээ хамаараад өөр өөр үнэтэй. Энэ сарын 26-наас худалдаанд гаргахаар бэлтгэжээ.
Мөн тус холбооноос ойрын өдрүүдэд дасгалжуулагчийн зэрэг олгох онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулж байгаа. Уг арга хэмжээг ФИБА-гийн инструктор, Серби мэргэжилтэн удирдан явуулж байна.