Хилийн чанадад амьдран суугаа Монголчууд олон зуунаас уламжлагдан ирсэн үндэсний спорт, үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлж, гадаад орнуудад өсч торниж байгаа хүүхэд залуучууддаа өвлүүлэн үлдээх, бөхийн барилдаан зохион байгуулах, Монгол бөхөө сурталчлах зорилгоор МҮБХ-ны Европ дахь салбар холбоог байгууллаа.
Тус салбар холбоо нь Женев хотод төвлөрөн ажиллах бөгөөд Франц, Герман, Чех, Швед, Белги, Польш, Унгар, Их британи Умард Ирландын вант улс, Австри, Итали зэрэг орнуудад амьдран суугаа Монголчуудынхаа дунд болон гадаадын иргэдийг оролцуулан Монгол бөхийг сурталчлах, бөхийн барилдаан зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.
Европ дахь салбар холбооны Тэргүүн, дэд тэргүүн болон гүйцэтгэх удирдлагаар аймгийн начин О.Пүрэвбаяр, Д.Дамдин, Б.Саран нар ажиллахаар сонгогджээ.
Монгол бөхөө түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх Та бүхний их үйлст өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО