Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутад Сонгинохайрхан 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийн "Худалдагчийн орлогыг дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 26 настай, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд Та бүхэнд дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.
1. Үйл ажиллагаа явуулж буй байр, орон сууц, ойр орчинд Монгол Улсын MNS 6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-д нийцсэн хяналтын камер суурилуулах,
2. Хүнгүй, гэрэлтүүлэггүй, камергүй газраар аль болох явахаас зайлсхийх,
3. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баталгаатай дуудлагын жолооч, такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, эрсдэл бүхий замыг сонгохгүй байх,
4. Бага насны хүүхэд зэрэг биеэ хамгаалах чадваргүй хүнийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг тогтмол сануулах,
5. Байнга сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл Дээрэмдэх
1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2. зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: ЦЕГ