Дэлхийд цөөнд тооцогдох ноолуурын цогц үйлдвэр “Говь” ХК үндсэн таван үйлдвэр, 1700 гаруй ажилтантай. “Говь” ХК нь түүхий эдийг дундын дамжлагагүйгээр малчдын гар дээрээс бэлтгэн, нийт 70-130 дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 1,5 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж, дэлхийд танигдахад ажилтнуудын ур ухаан, авьяас чадвар, тууштай хөдөлмөр гүн шингэдэг учраас хамгийн том баялаг бол ажилтнууд гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байлаа.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЖИЛБАР БҮРД АЖИЛТНУУДЫН МААНЬ УР УХААН, СЭТГЭЛ ШИНГЭСЭН
“Говь” ХК-ийн Үйлдвэр удирдлага хариуцсан захирал Э.Золзаяа
Тэрээр ““Говь” ХК нь 1981 онд байгуулагдсан. Өдгөө 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид түүхий эдээс эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болтол бүхий л дамжлагыг дангаараа бие даан үйлдвэрлэдэг дэлхийд цөөхөн байдаг цогц үйлдвэрүүдийн нэг. “Говь” ХК-ийн хувьд малчдынхаа гар дээрээс ямар нэгэн дундын дамжлагагүйгээр түүхий эдээ авч, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бүтээгдэхүүнийхээ төрлөөс хамааран 70-130 гаруй дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн бий болдог. Энэ бүх дамжлагын ард ажилбар, оёдол бүрд ажилтнуудын маань ур, ухаан шингэж, өртөг нэмэгдүүлж, баялаг бүтээж буй ажилтнууд маань бий. Тиймээс бид ажилтнуудаараа маш их бахархдаг” гэсэн юм.
ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ БРЭНДИЙГ УРЛАНА
“Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Ариунаа
Тэрээр “Манай компани сүүлийн таван жил гаруй хугацаанд монгол ноолуурын чанарыг дэлхийд таниулах, тэр дундаа дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгох хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхийн зах зээлд гарч өрсөлдөхөд олон шалгуур тохиолдож байна. Бидний борлуулж буй бүтээгдэхүүн маань маш чанартай байх хэрэгтэй. Загвар дизайн нь дэлхий нийтийн хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх зэрэг шаардлагууд эхний ээлжид тавигдаж байна. Сайн бүтээгдэхүүн бий болоход түүхий эдийн чанар хамгийн чухал байдаг.
ХААИС-ийн эрдэмтэн багш нар, судлаачид, бэлтгэн нийлүүлэгчид болох малчид, үйлдвэрлэгч болох “Говь” ХК гээд гурван талт хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Төсөл, хөтөлбөрийн гол зорилго нь малчдадаа түүхий эд бэлтгэн нийлүүлэх талаар шат дараатай сургалтууд орж, тэднийг илүү мэдлэг боловсролтой болгох. Ингэснээр малын удмын санг сайжруулна. Малын удмын сан сайжирснаар түүхий эдийн чанар сайжрах зэрэг ач холбогдолтой.
Олон улсын хэрэглэгчдэдээ ойртох үүднээс сүүлийн таван жил цахим дэлгүүрээр дэлхийн зах зээлд борлуулалтаа хийж байна. Европт манай цахим дэлгүүр 12 хэл дээр ажилладаг. Бид энэ онд багтаад хэлний тоог 23-д хүргэхээр ажиллаж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Düsseldorf хотод шинэхэн салбар дэлгүүрээ нээсэн” гэлээ.
ЖУУЛЧИД ГОВИОР ЗОЧЛОН, МОНГОЛ НООЛУУР АВДАГ УЛАМЖЛАЛ ТОГТЖЭЭ
“Говь” ХК-ийн Дотоод борлуулалтын газрын захирал Б.Жамъянхорол
““Говь” ХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас илүү хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Бид энэ жил дотоодын зах зээлд 500 орчим мянган нэр төрлийн бүтээгдэхүүн, бараа үйлчилгээг борлуулах зорилготой ажиллаж байна. Сүүлийн үед манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Эдгээр жуулчдад зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дотоодын зах зээлд танилцуулж, борлуулж байна. Манай улсыг зорьж ирсэн жуулчид “Говь” брэндийн нэрийг дэлгүүрээр зочилж, монгол ноолууран бүтээгдэхүүн заавал худалдан авдаг уламжлал хэдийн тогтжээ.
“Говь” ХК зөвхөн дотоодын зах зээл гэхгүй гадаад жуулчдад хэрхэн найдвартай, чанартай, сайн бүтээгдэхүүнээр тав тухтай үйлчлэх вэ гэдэгт анхаарал тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Спинатай хамтран ажилласан. Жоржио Спина бидний сайн мэдэх Louis Vuitton, Prada, Zegna зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг.
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ загвар, дизайны хувьд олон улсын түвшинд хүрлээ. Ирэх жилүүдэд бид 700-800 мянган ширхэг бараа, бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд гаргахаар зорьж байна. Үүний нэлээдгүй хувийг жуулчид эзэлнэ” гэсэн юм.
ЧАНАРТАЙ, ТОГТВОРТОЙ, ҮНЭ ЦЭНТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ
“Говь” ХК-ийн Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан
Тэрээр “Сүүлийн хоёр жилд бид хоёр шинэ бүтээгдэхүүн, коллекц гаргасан. “Cashmere Reborn” болон “Cashmere Sneakers” буюу ноолууран гутал. Бид шинэ бүтээгдэхүүн гаргахдаа чанартай, тогтвортой, үнэ цэнтэй гэсэн гурван зарчим баримталдаг. Үүний дагуу тогтвортой үйлдвэрлэл болон тогтвортой бараа бүтээгдэхүүнийг нийгэмд гаргахын төлөө дахин боловсруулсан материалаар “Cashmere Reborn” коллекцио гаргасан.
Мөн байгальд ээлтэй, шинэлэг ноолууран гутал зах зээлд нийлүүлсэн. Манай “Cashmere Reborn” болон ноолууран гутал үйлдвэрлэхэд 20-30 хувьд хог хаягдал, ус, эрчим хүчний хэмнэлт хийх боломжтой. Бид дэвшилтэт технологи ашиглан, дараагийн түвшинд хүргэх зорилготойгоор ажиллаж байна” гэлээ.
ГОВЬ-ийн үйлдвэртэй танилцах аяллын тухай контентыг дараах линк дээр дарж үзнэ үү.
Линк: https://fb.watch/nLhF9pqxLe/?mibextid=K8Wfd2