
"Бүс ба зам" санаачилга хэрэгжиж эхэлсэний 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан гурав дахь чуулган нь БНХАУ-д болох гэж буй. 2021 оны 139 орон “Бүс ба Зам” санаачилгад нэгдэж, Хятадаас нийт 1 триллион ам.долларын санхүүжилтийг авсан байдаг. Чуулганд оролцохоор 140 улсын төрийн өндөр албан тушаалтнууд, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн багтаж байна. Түүнийг Хятадад ирэхтэй холбоотой мэдээлэл энэ оны 3-р сараас хойш гараад байсан юм. Владимир Путиныг олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тушаал гарснаас хойш гадны улс орнууд руу айлчлах нь багасаад байсан. Харин Хятад улс нь олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш тул ийн “эргэлзэлгүй” ирлээ гэж шинжээчид таамаглаж байна.
Владимир Путин Хятадад айлчлахаасаа өмнөхөн Ши Жиньпинийг "хүндэт нөхөр" хэмээн тодотгож амжсан. Владимир Путиныг айлчлахаас өмнө ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн Хятадад айлчилсан байдаг. Тэрбээр Хятадын гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, хоёр орны харилцаа холбоо, хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийсэн байна.
Эх сурвалж: REUTERS
https://www.reuters.com/world/putin-visits-dear-friend-xi-show-no-limits-partnership-2023-10-17/