Газа хотын Ал Ахли гэх эмнэлэг агаарын цохилтод өртөж, 500 гаруй хүн нас барсныг Хамас бүлэглэл мэдэгдлээ. Энэ эмнэлэгт Израиль, Хамасын мөргөлдөөнд шархадсан иргэд эмчлүүлэхээс гадна энгийн иргэд хоргодох байр болгон ашиглаж байжээ. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас “Израиль бүх улаан шугамыг давлаа” гэж мэдэгдсэн байна. Энэ хэрэгт Хамас бүлэглэл Израилийг дайны гэмт хэрэгт буруутгаж байгаа бол Израилийн тал батлан хамгаалах хүчин нь эмнэлгийг онилоогүй ба Палестины “Исламын Жихад” зэвсэгт бүлэглэлийнхэн үйлдсэн гэж үзэж байна. Газын зурвасын хоёр дахь том зэвсэгт бүлэглэл болох “Исламын Жихад” үүнийг няцаасан байна.
Эмнэлгийн халдлага болохоос хэдхэн цагийн өмнө нэгэн сургууль мөн цохилтод өртөж, зургаан хүн амь үрэгдсэнийг НҮБ мэдээлсэн юм. Энэ сургуулийг иргэд мөн л хоргодох зориулалтаар ашиглаж байсан аж. Эмнэлгийн дэлбэрэлтийн талаарх мэдээллийг Израиль АНУ-тай хуваалцаж, энэ асуудлаар ярилцаж байгаа бөгөөд хэн буруутай нь үл мэдэгдэх уг халдлагыг хянан шалгахаар АНУ-ын тагнуулууд ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Израилийн батлан хамгаалах хүчин энэ халдлагад буруугүй гэдгээ нотлох баримт олон нийтэд цацаж магадгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Израильд айлчилна. Угтаа энэ айлчлалаар Жо Байден Йордан, Египет, Палестины засаг захиргааны тэргүүнүүдтэй дөрвөн талт дээд хэмжээний уулзалт хийх гэж байсан ч энэ уулзалт цуцлагдсан. Эмнэлгийн халдлага үүнд нөлөөлсөн байж болзошгүй байгаа юм. Гэсэн ч Жо Байден эдгээр удирдагчтай тус бүрд нь уулзана гэж албаныхан нь мэдээлсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн Ойрх Дорнодын асуудлаар, тэр дундаа эмнэлгийн халдлагын асуудлаар яаралтай хуралдахаар болсон. Израил, Палестины аль аль төлөөлөгч нь энэ хуралд оролцож, үг хэлэхээр болжээ. ОХУ-ын зүгээс энэ хурлыг идэвхтэй төлөвлөж байгаа орнуудын нэг болж байна.
В.Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Ойрх Дорнодын мөргөлдөөний талаарх тогтоолын төслийг боловсруулан явуулсан ч гишүүн орнууд батлаагүй юм. Тодруулбал, тус төсөлд Хамас гэдэг үг байгаагүй нь ОХУ-ыг тус бүлэглэлийг өмөөрч байгаагаас ялгаагүй гэж үзсэн аж.
Эх сурвалж: BBC, CNN