Талийгаач Г.Ганжаргалын ар гэрийнхэн талийгаач амиа хорлоогүй, гаднын нөлөөтэй байсан гэж үзэж, суулт зарлалаа.
“Амиа хорлож, дөрвөн давхраас унаж нас барсан гэдэг маягаар хоёр удаагийн шүүх шинжилгээний дүн гарсан. Гурав дахь нь гарах гээд шүүх шинжилгээний байгууллагын эрдэмтэн мэргэдэд итгэж “Яагаад амиа хорлосон гэж үзэж байна вэ. Үүнийг нотлоод өгөөч” гэж цөхрөнгөө барж, хамгийн сүүлийн удаа хандаж байна. Монголын шүүх, цагдаа сайн ажилласан. Гэхдээ өндрөөс унасан гэдэг баримт нотолгоо гарч ирээгүй. Бид нас барсан өглөө нь дуулж, орой нь яваад очиход, задлан хийсэн, айгаагүй бол ороод ир гээд ороход тархи нь задалсан байсан. Тухайн үед ямар айхтар унасан юм бэ гэж бодсон. Гэтэл цээжинд нь маш олон зулгаралттай байсан. Би хамгийн түрүүнд дотор эрхтэн нь ямар байна вэ гэж асуухад зүгээр байна гэсэн.
80 кг жинтэй, 170 метр өндөртэй, нас биед гүйцсэн хүн дөрвөн давхраас ганцхан секундэд унана гэж тодорхойлолт гарсан. Унасан гэдгийг хэн харсан, яаж унасан нь тодорхойгүй.
Хүү минь олон орны эрдэмтэдтэй найз, маш олон шавьтай, дэлхийд гайхагдаж байсан. Найзууд нь бидэнд байнга хандаж байна. Хамгийн сүүлд Японы шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд өндрөөс унасан нь нотлогдоогүй. Энэ хүн өндрөөс унаагүй байна гэж илгээсэн.
Дэлхийд гайхагдаж байсан эрдэмтэн амиа хорлоод, үхнэ гэж байдаг юм уу. Би хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Түүний эхнэр “Шүүх эмнэлэг дээр хоёр эмч эцсийн байдлаар шинжилгээний дүгнэлтийг гаргаад дуусна. Эхний шинжээчийн дүгнэлт гаднын нөлөөгүй гэж гарсан. Гэхдээ шинж тэмдэг, шинжилгээ нь бүгд гаднын нөлөөтэй байж болзошгүй бүх зүйлээ гаргасан. Маш олон тооны зулгаралттай байсан. Дал, нуруу, тохой, өвдөг, бугуй, гуяны урд хэсэг, шагай зэрэг маш олон хэсэгт зулгаралт үүссэн. 11 метр өндөр буюу дөрвөн давхраас хүн 1 секундын хугацаанд уналаа гэж үзэхэд хаана тэр олон зулгаралт, гэмтэл үүсэх боломжтой вэ. Яагаад хувцас нь урагдсан байна вэ” гэв.