БШУЯ-аас их, дээд сургуулиудын эрэмбийн урьдчилсан үнэлгээг өнөөдөр зарлалаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Намайг анх энэ ажил авахад Монгол 100 орчим их, дээд сургуультай байсан. Өнгөрсөн хугацаанд бид 27 их сургуулийн сургалтын үйл ажиллагааг цуцалсан.
Өнөөдөр зарлах эрэмбээс харахад 60-аас дээш сургалтын гүйцэтгэлийн үзүүлэлтийг хангаж буй 18 их сургууль байна. Гүйцэтгэлээ 50-иас дээш хангаж буй сургууль 30 орчим байна.
Өнөөдөр эрэмбэ зарлах гэж буй 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарын төвшинд хүрч чадахгүй байна.
Энэ их сургуулийн эрэмбэ зарлаж буй гол үндэслэл нь их сургуульд сурч, төгсөж буй гурван хүүхдийн нэг нь ажлын байртай болж, хоёр нь ажилгүй болж байна. Монголд идэвхтэй ажил хайж буй 20 мянган залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой ч ажлын байр олж чадахгүй байна. Нөгөө талаас ажил олгогчдын хүсэж буй ур чадварыг их сургуульд мэргэжлийн болон техникийн боловсрол хангаж чадахгүй байна.
Сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, дотуур байр бүрдүүлж чадсан эсэх зэрэг шаардлагаар 61 их сургуулийг эрэмбэлсэн. Үүний хамгийн чухал үзүүлэлт нь төгсөгчдийг мөшгих судалгаа юм. Төгсөгчдийнх нь хэдэн хувь нь төгсөөд шууд ажлын байртай болж байна, ажлын байранд очоод ур чадвар нийцдэг зэргээр судалгаа явуулж, үнэлгээг гаргасан” гэв.
- Монгол Улсын Их Сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Шинжлэх Ухааны Технологийн Их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
- Монгол Германы Хамтарсан Геологийн Их Сургууль
- Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
- Отгонтэнгэр Их Сургууль
- Моносын Эмнэлзүйн Их Сургууль
- Соёл Урлагийн Их Сургууль зэрэг сургуулиуд эхний 10 байрт оржээ.